МҮОНТ-ийн сэтгүүлч, яруу найрагч А.Мөнхчимэг ”Лаа хайлах биш түүнийг хайлуулах хүсэл байна...”

Монгол улсад телевизийн урлаг үүсэж хөгжсөний түүхт 46 жилийн ой 9-р сарын 27-нд тохиосон билээ. Үүнтэй холбогдуулан МҮОНТ-ийн”Уран бүтээлийн хоёрдугаар нэгдэл”-ийн залуу уран бүтээлч А.Мөнхчимэгтэй ярилцлаа. Тэрээр телевизийнхээ “ХХ зуун – 100 жил” төслийн хүрээнд бүтээгдсэн “Энэ өдөр Монголын түүхийн хуудаснаа” Монголын анхны түүхэн видео хуанли болон “Сэрсэн зууны түүх” 1, 2-р ботид редактораар ажилласан юм. Түүний яруу тансаг хийгээд эрхэмсэг сэтгэлийн гүнд уншигч бүсгүй таныг урьж байна.

Уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс танд Монгол улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд хүргэе?

Баярлалаа. Та бүхэндээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Анх 1967 оны 9-р сарын 27-нд телевизийн өргөн нэвтрүүлэг цацагдаж эхэлсэн түүхтэй. Энэ түүхт 46 жилийн ой бол телевизийн үе үеийн уран бүтээлч төдийгүй үзэгчдийн баяр л даа. Миний хувьд МҮОНТ-д 4 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд ахмад уран бүтээлчдээсээ суралцаж, тэд нартайгаа нэг ширээнд зэрэгцэн сууж, нэгэн цаг үед алхаж яваадаа бахархдаг. Ойн үеэр манай телевизийн уран бүтээлчид "Босго тотго" уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгож байгаа.  

 Сэтгүүлчдийг хүмүүс сайн муу, сайхан муухай гээд янз бүрээр ярьдаг. Таны хувьд мэргэжлийн тань сайхан зүйл нь вэ?

Надад телевизийн тухай анхны ойлголтыг миний багш Мишигийн Банзрагч өгч байлаа. Хүмүүс “ММ агентлаг”-ийн мэдээний М.Банзрагч гэхээр андахгүй. Багш маань “Сэтгүүлч хүн сэтгэхүйн хурд, хөлийн хурд хоёроороо ажлаа бүтээдэг юм” гэж хэлж билээ. Оюутан байхдаа энэ үгнээс сэтгүүлч хүн авхаалж самбаатай, хурдан шаламгай байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Бас сэтгүүлч хүн үзэл бодлоороо хэнээс ч хараат бус байх ёстой. Ер нь дарга, цэрэг байлаа гээд долгинож дордсохгүй, ихэрхэж ямбалахгүй, хөл алдаж хөлбөрдөггүй, хүний үг дагаж гүйдэггүй, өөрөө өөрөөрөө байж, өрөөлийг өөрт нь таниулж ойлгуулаад, нийгмээ нэвтэрхий тольдох нь энэ мэргэжлийн үнэ цэнэ, сайхан зүйл нь дээ. 

Та “ХХ зуун – 100 жил” төсөлд амжилттай ажилласан шүү дээ. Тэр тухайгаа бидэнд яриач..?

Дөнгөж телевизэд орж ирээд “ХХ зуун – 100 жил” төсөлд редактораар ажиллах сайхан боломж надад тохиолдсон. Аз завшаантай хэрэг гэж боддог. Энэ төсөлд ажиллаж, ХХ зууны Монголын түүхийг жаахан гадарладаг болсон. “Монголын Түүхийн Хүрээлэн”-гийн Р.Төрдалай, А.Алтантөгс зэрэг түүхчтэй гар нийлэн сайхан ажилласан. Өглөө эрт гэрээсээ гарч ажил дээрээ ирээд сандлаасаа ч босолгүй шөнө болтол ажиллана. Шөнө хариад ахиад л үүр цайтал компьютерын дэлгэц, ном ширтээд суудаг байсан.

Тэгээд “Би яах гэж сэтгүүлч болов оо...” гэж шантарч байсан уу?

Сэтгүүлч бол яг л цэрэг шиг. Нэг үүрэг авсан бол тэрнийхээ ард заавал гарах ёстой байдаг. СГЗ Д.Амбасэлмаа гуай хүртэл “Би телевизэд маш олон жил ажилласан. Надад гүйгээд гараад явчихмаар үе бишгүй л байсан. Давдаг л юм” гэж хэлж байсан. Нээрээ ч давдаг юм шиг.Инээв. 

Ер нь МҮОНТ- тэй яаж холбогдсон бэ?

Арван жилд байхаасаа сэтгүүлч болно гэж бодож байсан. Төгсөөд  Радио, Телевизийн Дээд Сургуульд орсон. Тэгээд 1-3 курс хүртлээ “MМ” агентлагт дадлага хийж, тэндээ ажиллахаар болоод байлаа. Гэтэл миний дотор хүн нэг өдөр “...Мөнхчимэгээ чи өөр зүйл хийх ёстой” гэж чанга чанга хэлсэн. Тэгээд л бичиж байсан мэдээгээ дуусгаад гэр рүүгээ харьсан. Тэр өдрөөс хойш ахиж очилгүй,  баримтат киноны группэд ажилласан. Гэхдээ 2009 онд сургуулиа төгсөхдөө МҮОНТ-д урилгаар ажиллах 4 төгсөгчийн нэг байсан юм.   
 
Цаашид ямар нэвтрүүлэг хийх гэж байна вэ?

Би одоо “Уран бүтээлийн 2-р нэгдэл”-д "Соёл эрдэнэ”, “Гэгээн үдэш” зэрэг нэвтрүүлэгт редактораар ажиллаж байна. Манай редакцад СГЗ Шалмаагийн Ёолк, яруу найрагч, сэтгүүлч Ж.Сарантуяа, яруу найрагч, зохиолч Б.Сарантуяа гээд олон түмэндээ хүндлэгдсэн уран бүтээлч бий дээ. Удахгүй би өөрийн бодож санаж явсан нэвтрүүлгүүдээ хийхээр төлөвлөсөн. 

Яруу найргийн шинэ ном гаргах гэж байгаа гэж сонссон..?


Тийм ээ. Энэ сарын сүүлээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Анх 2007 онд "Тав зурсан чүдэнз" гээд яруу найргийн шүлгийн түүвэр гаргасан. Энэ намар хоёр дахь шүлгийн түүврээ гаргах гэж байна.

Хэзээнээс эхэлж шүлэг бичиж эхэлсэн бэ?

Анх хоёрдугаар ангид байхдаа бичсэн. Тэр түүх минь их сонин. Яруу найрагч Б. Ичинхорлоогийн оролцсон тоглолтыг аав, ээжтэйгээ үзээд, орой нь гэртээ хариад шууд шүлэг бичсэн. Бас аав минь их ном уншдаг хүн. Боть номыг өдөр шөнөгүй сууж байгаад дуусгачихна. Тэр үед би аавдаа атаархаад ном их уншдаг болсон. /инээв/ Дөрөвдүгээр ангидаа Ф.М.Достоевскийн "Цагаан шөнө"-ийг уншаад Москвагийн шөнийн гудамжийг яв ягаанаар төсөөлдөг байлаа.  

Анхны хайрын шүлгээ хэзээ бичиж байсан бэ?

Шүлэг бичихийн давуу тал их гардаг байсан. Шүлэг бичүүлэх захиалга их ирнэ ээ./инээв/ Бусад хүүхдийн хайрын түүхийг нь  яриулаад хариуд нь шүлэг бичиж өгдөг байсан юм. “...Хүүхэн хүний зангаар
                                                                      Хонгор чамдаа би дурлажээ...” гээд л 7-р ангидаа бичиж байлаа.

Яруу найрагч бүсгүйн дотоод сэтгэл их өөр санагддаг юм...

Яруу найрагч хүн бусад хүнээс хэд дахин илүү бодож тунгааж амьдралын эгэл жирийн зүйлсийг их өөрөөр харж, сэтгэдэг. Шүлэг гэдэг эрхэмсэг, яруу тансаг зүйл. Харин түүнийг эмэгтэй хүн бичнэ гэдэг бүр гайхалтай сайхан, ер бусын байдаг. Хүн миний шүлгийг уншаад уртаар санаа алдаж, ямар нэг зүйлийг ойлгож авбал миний шүлэг бичсэний зорилго биелэлээ гэж би боддог.

Яруу найргаас өөр сэтгэлийг тань юу хөдөлгөдөг вэ?

Би шүлэг бүрийнхээ доор зураг зурдаг байсан. Одоо бол бясалгал их сонирхох болсон. Бясалгал бол амьдралын аз жаргал, амар амгаланг надад мэдрүүлдэг гайхалтай зүйл. 


Та бүсгүй хүн юуг эрхэмлэх ёстой гэж боддог вэ?

Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж “...Зүсний гоо салхиных ч гэлээ  Зүрхний гоо тэнгэрийнх ч билүү...”  гэж бичсэн байдаг. Эмэгтэй хүн гаднаа ч, дотроо ч гэрэлтэй нартай, ариун байвал үзэсгэлэнтэй гэж би боддог. Тийм байж төгс инээмсэглэнэ. Тийм байж бусдын хайрыг татна. Ер нь эмэгтэй хүн өөрөө сэтгэлийн сайхныг эрхэмлэвэл хайр болоод амьдарлын хамгийн дээдийг нь хүртэж мэдэрнэ. Тиймээс бүсгүй хүн зүрхэндээ нар мандуулж, үргэлж сайхан инээмсэглэж байгаасай гэж хүсдэг.

Яруу найрагчид ихэвчлэн гунигласан үедээ шүлгээ бичдэг юм шиг. Та ямар үедээ илүү их бичдэг вэ?

Хүмүүс “Энэ яруу найрагчид гэдэг чинь маш их зовлонтой хүмүүс байх юм. Зовлон ихтэй болохоор түүнийгээ хугаслах гэж бичдэг байх” гэж ярьдаг, ойлгодог. Үгүй л дээ. Тэд бичих гэж төрсөн хүмүүс байдаг. Хүн төрөлхтний сайн сайхны төлөө тэд бичдэг. Тиймээс хүмүүсийн үг, үйлдэл, тог тог дуугарах өсгийтэй гутлын чимээ, тамхины утаа агаарт хөвөх, гуних, баярлах... бүх зүйл шүлэг бичих шалтгаан болдог. Би мэдрэмжээ дагаж бичдэг. Заримдаа зүүдэндээ шүлэг бичээд сэрэнгүүтээ түүнийгээ цаасан дээр буулгадаг.

Та хамгийн дуртай дөрвөн мөртөө хэлээч..?

Лаа хайлах биш түүнийг хайлуулах хүсэл байна
Лавтайяа утгын утас салаалан дүрэлзэнэ
Улмаан асахад нь уйлах хоёр дахь хүсэл байна  
Учирлаваас яруу найраггүйгээр би яахан оршино... Энэ миний хамгийн дуртай өөртөө хэлсэн шүлэг дээ.

Харин одоо сэтгүүлч, яруу найрагч хүний хувьд өөрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийлэхгүй юү?

"Би яг тэсрэх гэж буй галт уул, өндөрт нисэж буй бүргэд...". Энэ төсөөлөл минь миний зүрх сэтгэлд хүч хайрладаг юм.

Бидэнтэй ярилцсан А.Мөнхчимэгтээ баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Санасан бодсон бүх зүйл тань сэтгэгчлэн бүтэх болтугай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
peeeeeee (202.21.117.228) 2013-11-19 16:39:48
Ичээчэээээээээээ өөрийгөө юу гэж бодсон амьтан бэээээээээ
оооооо (202.21.117.228) 2013-11-19 16:39:09
Шааааааааааа