Өнөөдөр ”Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх” дэлхийн өдөр

Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн
эндэгдлийн зонхилох шалтгаан болсоор байгаа пневмони өвчнийг хяналтандаа
авахын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан
хамтран 2009 онд “Пневмонигоос сэргийлэх, хяналтанд авах Дэлхий нийтийн
төлөвлөгөө”–г боловсруулж, бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд нь
туслах зорилготой “Хүүхдийн пневмонитой тэмцэх бүх нийтийн эвсэл” хэмээх
олон улсын, олон нийтийн байгууллага 2009 онд байгуулагдасан байна. Мөн
оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдрийг “ПНЕВМОНИТОЙ ТЭМЦЭХ
ДЭЛХИЙН ӨДӨР” болгон тэмдэглэх болсон юм.
Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн
өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан
тооцоолсноор 2009 онд 5 хүртэлх насны хүүхдийн дунд пневмоноор
үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3,212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол,
бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас
бардаг байх магадлалтай байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63-р чуулганаар Мянганы хөгжлийн
зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэглийг бууруулах
хамгийн үр дүн, үр ашигтай аргын нэг нь пневмонийн эсрэг вакцинаар
дархлаажуулах явдал гэж тунхагласан.
Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмонийн эсрэг
13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны
хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.
Мөн дэлхийн уушгины хатгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан нийслэлийн дүүргүүдэд хүүхдийн уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийхээр болжээ. Энэ өдрийг “Цэнхэр жинс өмсөцгөөе” уриан дор 6 тивийн 36 улсын 167 байгууллагын идэвх санаачлагаар тэмдэглэнэ. Дэлхийн статистик мэдээгээр 15 секунд тутамд нэг хүүхэд, өдөр бүр 5500 хүүхэд, жилд 2 сая хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барж байна.
Өнөөдөр дэлхий даяар “УУШГИНЫ ХАТГАЛГААГААС СЭРГИЙЛЬЕ, ХҮҮХДҮҮДЭЭ АВРЪЯ” уриан тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил 3 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс энэ жилийг “УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ХҮҮХДҮҮДЭЭ ӨВЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙЯ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ЭМШУИС, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран уушгины хатгалгаа өвчний талаарх мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эцэг эхчүүдэд зөвлөмж тараах, уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.







