Би чиний хогийн сав байна

...Тэр миний хогийн сав байхыг хүссэн гэхдээ би түүнийг усны хувин болгочихсон...
Би яагаад ч юм их хэрсүү, хэр баргийн юманд итгэдэггүй тэр дундаа эрчүүдэд бүр ч найддаггүй эмэгтэй байлаа. Гэхдээ романтик болзоо, гэнэтийн бэлэгт нугасгүй. Миний төсөөллийн залуу бол царайлаг, нуруулаг, боловсон, боловсролтой, мэдлэгтэй, мэдрэмжтэй  нэг л супер залуу байх мэтээр төсөөлдөг байсан юм. Харин яг амьдрал дээр энэ төсөөллийнхөө эсрэг дүрийн залууд дурласан юм даа. Муугаар хэлбэл үйлийн үрээр сайнаар хэлбэл хувь тавилангаар ийнхүү учирсан юм.



Миний  сэтгэл санаа тавгүй, бодол самуурч, ухаан балартсан цаг хугацаа байлаа. Амьдрал нэг л уйтгартай, утга учиргүй санагдана. Эмийн сан орох санаатай толгой гудайлган алхаж яваа миний хажууд нэгэн намхавтар нуруутай залуу  ирээд мэндэллээ. Хэн билээ гэж хэсэгхэн бодсоны дараа түүнийг огт танихгүй гэдгээ ухаартал, тэр хэзээний намайг таньдаг аятай чиний сэтгэл санаа тавгүйтэж, амьдрал утгагүй санагдаж байна уу гээд л яг л миний дотор буцалж байгаа зүйлийг нүд рүү минь хараад хэлчихлээ. Яг л нар сормуус сүүдэртүүлэн тусдаг шиг тийм л солонгорсон гэрэл, дулаахан өнгө тэр хүнээс цацарсан юм. Гайхсандаа юу ч хэлж чадсангүй. Харин тэрээр үргэлжлүүлэн ярихдаа надтай хэсэг ярилцаач гэж хэллээ. Анх удаа танихгүй эрийн танимхайрсан урилгийг хүлээн авсан минь тэр байлаа.

Тэр өөрийгөө танилцуулахдаа би сэтгүүл зүйч хүн. Яагаад ч юм өөртэй чинь ярилцахгүй бол хэзээ нэг өдөр харамсах юм шиг санагдаад... гэж хэлээд удалгүй  “би чиний хогийн сав байна. Чи надруу дотор байгаа бүх хогоо шид. Надад санаа бүү зов. Учир нь тэр хогийг би зүгээр л гаргаад асгачихана” гэж хэлээд өөр юу ч хэлэлгүй надруу харан суулаа. Тиймээ ярих юм толгойнд дэндүү олон орж ирээд алинаас нь эхлэхээ мэдэхгүй будлихдаа нулимсаа барьж ядан уйлав. Бараг хоёр цаг уйлсан гэвэл худлаа хэлсэн болохгүй байх. Харин энэ хугацаанд тэр надтай юу ч дуугараагүй зөвхөн толгой дохин ойлгож байгаагаа илэрхийлж байлаа. Би сая нэг тайвширч, би явлаа гэж хэлэхэд өнөөх залуу надад нэрийн худсаа өгөөд хогийн сав хэрэгтэй бол хэлээрэй гээд буцсан юм даа.



Үүнээс хойш долоо хоногийн дараа дахиж уулзах хүсэл минь намайг түүнрүү утас цохиход хүргэсэн юм. Тэр дуртайяа зөвшөөрч, бид түүний  ажлын өрөөнд уулзлаа. Хоёрдахь уулзалт ахиад л би уйлж эхлэв.  Магадгүй түүнийг хогийн сав биш усны хувин болгочихсон байх.  
Гэхдээ энэ өдрөөс хойш би улам сэтгэлээ онгойлгож өдөр ирэх тусам нүдэнд үл харагдах хирнээ хамгийн хүчтэй өвдөж, гарт үл баригдах хирнээ хамгийн сайхнаар догдолдог сэтгэл минь эмчлэгдсэн юм. Нэг мэдэхэд түүнээс өөр итгэх, түших хүн  үгүй мэт санагдан сэтгэл хөдөлж, зүрх хүчтэй цохилж, харах төдийд нүдэнд оч гэрэлтэх шиг болсон яг тэр мөчид би түүнд дурласан гэдгээ ухаарсан юм. Түүний харц аль хэдийнэ зөвхөн намайг ширтэж байлаа. Анхны үнсэлт, анхны тэврэлт, анхны хайрын үгс, анхны хайлж урсам тийм сайхан харц бол бидний хайрын сэтгэлдээ тавьсан хамгийн том тамга болсон юм даа. Харин хоёр биендээ уусах бидэн хоёрын хайр хорвоогийн нэгэн бэлэг тэмдэг болон ууссаар...
... Тэр миний хогийн сав байхыг хүссэн гэхдээ би түүнийг усны хувин болгочихсон байлаа. Харин одоо тэр минь миний ертөнцийн гэрэлт нар минь болсон юм даа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.