
Сэтгэл өөдрөг үед хамтдаа дуу дуулж баяр баяслыг минь хуваалцдаг, гуниглан ганцаардах үед шүлэг хэлж хөгжим сонсгодог миний сайн найз. Дотор нь ороод суухад яг л гэртээ байгаа юм шиг тун ч тав тухтай. Ингэхэд би түүндээ эргүүлээд юу зориулдаг юм бол. Жилдээ нэг удаа даатгуулна, хагас жилд нэг удаа эмчид үзүүлнэ, улиралд нэг хувцасыг нь солино, гурав хоногт нэг удаа усанд оруулна, бас ганцхан төрлийн хоол өгнө. Хөөрхий минь заримдаа бүдэрч унадаг хүүхэд шиг эзнийхээ юмуу өөр хүний буруугаас энд тэндээ жижиг шалбархай авчихна. Дараа нь жижиг чимэг хэрэглэл дотор нь авч тавьдаг нь эзний зүгээс уучлал гуйж буй хэрэг болдог. Намайг ингээд ярихаар уншигч та гайхаж юу магад. Гэхдээ л би өөрийнхөө машиныг намайг сонсдог, мэдэрдэг, амьтай гэдэгт итгэдэг. Түүнтэйгээ нөхөрлөөд багагүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч илүү гоё ганган тэргээр сольё гэж хэзээ ч бодож байгаагүй. Хоёр дахь гэр минь болсон миний машин- Миний хамгийн дотны анд билээ.






