
Ээж ихэнхдээ гэртээ байдаггүй болохоор би дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд, тарахаар нь авна, орой гэрийн даалгаврыг нь хийлгэнэ. Мэдээж би өөрөө хичээлдээ явна. Бас гэрийн бүх ажлаа хийнэ. Гэрээ цэвэрлэнэ, галаа түлнэ, хоолоо хийнэ гээд миний ажил дуусахгүй их. Дүү маань сургуульд ороод гэрийн ажилд тусалдаг болсонд би их баяртай байгаа.
Зун болж дүү бид хоёрын хичээл амарлаа. Өдөржин гэртээ хоёулахнаа байдаг бид хоёрт ээж маань их санаа зовдог байсан болохоор хашаандаа айл буулгахаар шийдсэн юм.
Ингээд нэг өдөр 30 орчим насны ах, эгч хоёр ирж манай хашаанд гэрээ барьлаа. Айлын эгч өдөртөө ажилдаа явж, орой ирнэ. Харин айлын ах бид 3 хашаандаа үлддэг байв. Тэр ах их сайн хүн шиг санагддаг байсан. Бид хоёрт дандаа туслана. Ус авч өгнө, заримдаа гэртээ хоол хийчихээд дүү бид хоёрыг дуудна. Ингээд бид 2 яг л хоёр гэртэй юм шиг байнга л тэднийхээр орж, гардаг болсон юм.

Тэр өдөр дүүтэйгээ гэртээ тоглож байтал айлын ах намайг дуудаад ”Манайд ороод ир” гэлээ. Урьдын адил гэрт нь гүйн ороход хаалгаа түгжээд, намайг орон дээрээ суулгасан. Миний өмдийг хүчээр тайлж, “Хэнд ч хэлж болохгүй шүү!” гээд намайг маш их өвтгөсөн. Би айлын ахаас зөндөө их гуйж, “БОЛИОЧЭЭ!!!” гэж хоолойгоо сөөтөл хашгирсан ч намайг огтхон ч сонсоогүй.
Болсон явдлын талаар ээждээ хэлэхийг хүссэн ч айлын ахаас айгаад юу ч хэлж чадаагүй. Харин хэд хоногийн дараа миний дотуур хувцасыг угааж байхдаа ээж бүх зүйлийг олж мэдсэн юм.
Тэр аймшигт явдлаас хойш ээж минь миний төлөө бүхнийг хийж, айлын ах “шорон”-д орсон. Одоо ч гэсэн надаас нуугдан чимээгүйхэн уйлах ээжийгээ хараад өөрийн эрхгүй дагаж уйлдаг ч сэтгэл нь улам эмзэглэх байх гээд мэдэгдэхийг хүсдэггүй.
ГҮНЖЭЭГИЙН ЗӨВЛӨМЖ
Энэ бол таньдаг ахдаа хууртагдан хүчирхийлэлд өртсөн охины түүх юм. Бэлгийн хүчирхийллийг дандаа л танихгүй хүн эсвэл хойд эцэг нь үйлддэг гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Мэдээж хэрэг хэн нэгнийг гаднаас нь хараад “энэ хүн хүчирхийлэгч” гэж таах аргагүй. Гэхдээ эрэгтэйчүүд хүчирхийлэгч болж төрдөггүй ч, тэд хүчирхийлэл үйлдэж сурдаг.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод илрэх шинж тэмдэг нь тэдний зан төлөв, хувийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг. Дараах шинж тэмдгүүд охидод илэрвэл мэргэжлийн байгууллагад хандаж, зөвлөгөө аваарай!
- Хар дарж зүүдлэх, цочиж сэрэх,
- Шалтгаангүйгээр гэнэт уурлах, уйлах, айх
- Ганцаараа байхыг илүүд үздэг болох,
- Харанхуйгаас айх,
- Олон давхар хувцас давхарлан өмсөх,
- Идэвхгүй, сул дорой болох,
- Үг дуу цөөнтэй болох, дуугаа хураах,
- Хүнтэй харилцахаас илт татгалзах,
- Удаан хугацаагаар усанд орох,
- Дотуур хувцасаа нуух, ойр ойрхон солих, угаах,
- Эрэгтэй хүмүүст дургуй болж, тэднийг үзэн ядах,
- Хичээл, сурлагадаа муудах
- Өөрийгөө гэмтээх,
- Амиа хорлох янз бүрийн оролдлого хийх гэх мэт
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод илэрдэг нийтлэг шинж тэмдгүүдийн талаарх энэхүү мэдээлэл нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, ангийн багш, сургуулийн болон хорооны нийгмийн ажилтан, өрхийн эмч, хөрш айлын хүн гээд охидыг тойрон хүрээлж байдаг бүх хүмүүст хамааралтай гэдгийг анхаараарай!






