Элэгний өвчлөл газар авах боллоо

Элэгний өвчлөл үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тухай мэдээлэл албаны хүний амнаас сонсоход сэтгэл түгшим байлаа. Залуугаасаа биеэ хамгаалан хайрлаж, эртлэн шинжилгээ өгч байх хэрэгтэйг уншигчиддаа дахин дахин сануулмаар байна. Элэгний өвчлөлийн хамгийн гол шалтгаан нь буруу хооллолт ялангуяа архи согтууруулах ундаа, хорт бодисууд байдаг гэнэ. Бүсгүй та хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд үргэлж санаа тавьж байгаарай. Хэрэв хэн нэгэн тань ходоод гэдэс муутай, сульдаж ядарсан, хоолны буруу зуршилтай бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулна уу?

Цөөхөн монголчуудаас минь авч одож буй элэгний өвчлөлүүд хэрхэн үүсгэгддэг, ямар хор уршигтай болон эмчилгээний талаар эмч нар ийн ярьж байна.


Доктор Б.Сэлэнгэ:

Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь  нь   А, В, С вирусийн гаралтай байдаг.  Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын төрөл улам олон янз болж байна.

Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар  үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч өөр өөр болой.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “А” ВИРУС

А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:


1.   Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.


2.   Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах


3.   Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.


4.   Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “С” ВИРУС

С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг.  Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд “шиприцийн шар” гэж нэршсэн байдаг.


Судлаачид “С” хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та “С” вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.


ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ “В” ВИРУС

Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.

Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.


АНУ-д “В” вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.


“В” ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ ВЭ?

Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно.


“В” ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ

Жилд 73,000  америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.


ӨВЧИЛСӨНӨӨ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.


1.   Арьс  болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.

2.   Өтгөн - цайвар өнгөтэй болно.

3.   Шалтгаангүйгээр эцэж, сульдана.

4.   Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.

5.   Хэвлийгээр өвдөнө.


Халдвар авсанаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд огт шинжүүд илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсөний дараа ихэнх хүмүүст эдгэрсэн мэт бие хөнгөрч хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинжүүд үлдэж хоцордог.


ЯАЖ ОНШЛОХ ВЭ?

Цусанд шинжилгээ хийн В вирусийг илрүүлсэнээр оношлоно. Хэрэв архаг идэвхтэй хэлбэрт шилжсэн бол элэгний биопси/элэгний эдээс маш жижиг хэсгийг мэс заслын аргаар таслан авч/ авч элэг хир зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно.


ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?

Хэрэв та уг өвчнөөр өвдөөгүй, халдвар аваагүй бол уг өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөл бүрдсэн бол эмчид очиж хүсэлтээ тавихад эмч таныг 3 удаагийн НВV -ийн вакцин хийхийг зөвлөх ба ингэснээр танд уг өвчний эсрэг дархлал тогтоно гэсэн үг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол эмч таныг тусгай хоолны дэглэм сахих зөвлөгөө өгөх ба аль болох зөв хооллох нь таны өвчний даамжралыг хэвийн хэмжээнд барьж байхад ихээхэн туслах болно.

Мөн элгээ илүү их асрамжлах, гадна нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Архи дарс уухыг бүрмөсөн зогсоох ёстой. Tylenol буюу парацитомол эмийг хэрэглэх хэрэггүй. Энэ эм элгийг хүнд гэмтээдгийг судлаачид тогтоосон байна. Ямар нэг эм хэрэглэхийн өмнө эмчээс тэр эмийг элгэнд яаж нөлөөлөх тухай асууж хэрэлгэнэ. Хэрэв таны элэгний үрэвсэл 6 сараас дээш хугацаанд элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэртэй байгаа бол эмч танд үрэвслийг багасгах бууруулах эм өгөх ёстой.  Хэрэв архаг хэлбэрт шилжээгүй бол эм тэр болгон уух хэрэггүй бөгөөд гагцхүү ойр ойрхон эмчид үзүүлж байх ёстой гэдгийг мартаж болохгүй.


Элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмч доорх эмүүдийг хавсарсан буюу таны өвчны идэвхжилээс хамаарч ганц нэгээр уухыг зөвлөнө.


Үүнд:


1.   Interferon - Дархлалын системийг сайжруулдаг тариа. 2 хоног тутам эсвэл 7 хоногт нэгээс доошгүй удаа тарьж хэрэглэнэ. Нэгээс доошгүй жил хэрэглэх ёстой. 2 төрлийн   Interteron байх ба Interferon alfa  буюу intron, peginterteron alfa  буюу  Pegasys гэсэн нэртэй.


2.   Epivir - Interferon-той ихэвчлэн хавсарч амаар ууж хэрэлгэдэг эм. өдөрт нэг удаа ууна.


3.   Hersera - Epivir  -ийг хэрэглээгүй нөхцөлд өдөрт мөн нэг ширхэгийг ууна. Бөөрний өвчний урьдчилсан рисктэй хүмүүс хэрэглэхэд зохимжгүй.


4.   Baraclude - Гепатит “В” вирусын эсрэг хэрэглэж буй хамгийн сайн, үр дүнтэй эм. өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ.


ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?


1.   18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ  төрсөн нярай.

2.   Өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс

3.   Тариа байнга хийлгэдэг хүмүүс.

4.   Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.

5.   Эмнэлгийн ажилтнууд

6.   “В” вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.

7.   Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.

8.   Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.


УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД + ИНТЕРФЕРОН - ЭЛЭГНИЙ “В” ХЭЛБЭРИЙН ВИРУСЭЭР өВЧИЛСөН ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХЭД ИХЭЭХЭН ТУС НЭМЭРТЭЙ

/Chinese  - буюу дорно дахины эмийн ургамлын гаралтай бэлдмэлүүд/

California - Berkley  хотын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Micheal Mc Culloch  2000 оны “American Journal of Public Health” сэтгүүлд дорно дахины гаралтай эмийн ургамлын бэлдмэлийгмонголын уламжлалт эмнэлгийн аргаар бэлдсэн эм бэлдмэлүүд ч адил үр дүнтэй байдаг  интерферонтой хавсарч В вирусын хэлбэрийн элэгний үрэвсэлтэй хүмүүст эмчилгээ хийсэн үр дүнгийнхээ тухай мэдээлсэн байна.

Тэрээр дээрх эмчилгээ хийлгэсэн 27 хүнийг зөвхөн дан ганц Интерфероноор эмчилж буй хүмүүстэй харьцуулж судалсан байна. Судалгааны  үр дүнд эмийн ургамал  + интерферон альфа  хэрэглэж буй 27 хүний эмчилгээний үр дүн илэрхий сайн байсан байна. Хэрэв архаг хэлбэрийн В вирусийн элэгний халдвар авсан үед огт эмчлэхгүй бол  элэгний хорт хавдар болох урьдчилсан нөхцөл улам хурдасдаг.


ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ ӨВЧИН ДАМЖИХ УУ?

Тиймээ, Элэгний “В” Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.


ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?


1.   Вакцин хийлгэнэ. /Энэ өвчнөөр өвдөөгүй үед/

2.   Тохиолдлын сексийн үед бэлгэвч хэрэглэх

3.   Хүний ялгадас, өтгөн шингэн, сперм, хэрэглэсэн сав суулга, ариун цэврийн хэрэгсэлийг цэвэрлэхдээ бээлий өмсөж занших

4.   Ямар нэг шарх, сорви цэвэрлэсэн материалыг гадуур нь сайтар юмаар ороож хаях.

5.   Хүний шүдний сойз, хумсны хэрэгсэл зажилсан бөхийг хэрэглэхгүй байх.

6.   Хүний хэрэглэсэн хоол унд, аяга тавгийг хэрэглэхгүй байх.

7.   Чих цоолох, шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг анхаарах.

8.   Цусаар бохирлогсдон элдэв зүйлийг цэвэрлэхдээ усны 10-ны 1-т  Bleach буюу ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэж цэвэрлэж байх хэрэгтэй.


Монголын Элэгний эмгэг судлалын холбооны тэргүүн, Ж.Амарсанаа: 

-Эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож эхлээд байгаа элэгний өвчлөлийн талаар яриагаа эхлэх үү?-Элэгний өвчлөл нэмэгдснийг статистик судалгаанд үндэслэн ярьж байгаа юм.Элэгний хорт хавдар 2014 онд урд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, жилд ойролцоогоор 1400 хүн элэгний хорт хавдраар нас барж, 1700 хүн шинээр элэгний хорт хавдартай гэж оношлогдсон байгаа. Үүнээс гадна элэгний хатуурал өвчин ч ихэслээ.Хамгийн сүүлд авсан тоогоор жилдээ 900 хүн элэгний хатуурал өвчнөөр нас барж байна. Тэгэхээр энэ өвчин улс орны аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд ирсэн байна шүү гэдгийг хэлээд байгаа хэрэг. Олон улсын элэгний өвчинтэй тэмцэх өдөр гэж долдугаар сарын 28-нд болдог. Гэхдээ үүнийг манай ард түмэн төдийлэн сайн мэддэггүй юм билээ. Сүүлийн үед ард иргэд эрүүл мэнддээ анхаардаг болжээ.

-Элэгний өвчлөл юунаас шалтгаалаад ингэж ихээр нэмэгдэж байна вэ? Хүмүүсийн мэддэг атлаа төдий л тоодоггүй зүйлээс өвчин үүсэх тохиолдол их байдаг тухай эмч нар анхааруулдаг шүү дээ?

-Хамгийн нэгдүгээрт, элэгний В, С вирус, хоёрдугаарт, архи согтууруулах ундаа, гуравт, хорт бодисууд ордог юм.

-Хорт бодист мэдээж нийс­лэлд гамшгийн хэм­жээнд хүрээд буй агаарын бо­хир­дол нөлөөлж байна уу?
-Үгүй дээ, агаарын бохирдол элэгний өвчлөлд огт хамаа байхгүй. Энэ бол хүмүүсийн өөрсдийнх нь яриа байх. Агаарын бохирдол бол зүрх судас, уушгинд нөлөөлдөг болохоос шууд элгэнд нөлөөлнө гэдэг ер нь ховор гэж ойлгож болно.

-Хүний цусан дахь вирусын хэвийн хэмжээ гэж бий юу? 
-Хэвийн хэмжээ гэж байхгүй. Эдгээр вирус цусанд байхгүй ёсгүй юм. Хэрвээ байвал зарим тохиолдолд л эмгэг болдог. Энэ нь цусан дахь вирус тухайн хүний элэгт нөлөөлж байвал эмгэг болно гэсэн үг  юм. Харин нөлөөлөхгүй байвал эмгэгтэй гэж хэлэхгүй. 

-Ямар тохиолдолд цусан дахь вирусын хэмжээ ихэсдэг вэ?
-Дархлаа сулрах үед ихэсдэг. Дархлаа хүчтэй байх тусмаа вирусын тоо буурдаг. Гэхдээ зарим тохиолдолд дархлаа вирусыг устгах боломжгүй байдаг. Учир нь вирус дархлаа аргалаад байдаг. Гэтэл манай өвчтөнүүд дархлаагаа нэмэгдүүлэх гэж янз бүрийн эм, тариа хэрэглэж, түүнээсээ хордлого авдаг. Ингэснээр өвчлөх магадлалаа нэмэгдүүлдэг.  

-Хэрвээ цусан дахь вирусын хэмжээ ихэсч, элэгийг гэмтээвэл ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ? 
-Ийм үед вирусыг устгах эмчилгээ хийлгэх ёстой. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний зарим нь манай улсад нэвтрээд байна. Тухайлбал, С вирусыг эмээр эмчлэх боломжтой. Харин В вирусын хувьд асуудал ихтэй хэвээрээ байгаа. Үүнийг бүрэн устгах боломжгүй бөгөөд зөвхөн тоог цөөрүүлэх эмчилгээ л хийж байна. 

-Зарим хүчтэй эм, тариа элэгийг гэмтээдэг гэсэн? 
-Тийм ээ. Элгэнд сайн эм, тариа гэж байхгүй. Эм, тарианы тун хэтэрсэн тохиолдолд элэгийг гэмтээдэг. Иймд эм, тарианы тунг хэвийн хэмжээнд, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой. 

-Ахуйн нөхцөлд цусан дахь вирусын хэмжээг ихэсгэхгүй байх боломж бий юу? 
-Үүнийг зохицуулахад хэцүү байдаг. Харин элгэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь вирусын өвчлөлийг даамжруулахгүй байх нөлөөтэй. Мөн С вирустэй хүн В-гийн вакцин хийлгэх шаардлагатай. Учир нь С вирустай хүн В-гийн халдвар авах магадлалтай байдаг. Иргэдийн хамгийн сайн найдвартай сэргийлэх арга бол В вирусын вакциныг гурван удаа хийлгэх явдал юм. Ингэж чадвал элгээ хамгаалж чадна. 


-Тэгвэл энэ өвчлөл ихэсч байгаагийн шалтгаан юу юм бэ?
-Хамгийн энгийн бөгөөд хүмүүсийн мэдэж байх ёстой зүйл бол элэгний хорт хавдар хийгээд хатуурал үүсгэдэг хүчин зүйл нь элэгний В, С вирус. Хүмүүсийн ярьдгаар тариурын шар л даа. Тариурын шарын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг илрээд байдаггүй. Гаднаас нь хараад хэн ч мэддэггүй. Мэс ажилбар хийх үед багажнаас хүний цус руу дамжих тохиолдол их байдаг.Мөн цуснаас цус руу дамждаг. Цус юүлэх үед иргэд маш болгоомжтой байх ёстой. Манай цусны төвд нарийн шинжилгээ хэр хийгдэж байна гэдэгт хяналт тавих хэрэгтэй. Цус юүлснээс бол хөгжиж байгаа манай орон битгий хэл өндөр хөгжилтэй Япон улсад хүртэл элэгний В, С вирус ихээр халдварлууснаас иргэд нь улс орноо шүүхэд өгч байлаа. Ингэж Засгийн газрыг шүүхэд өгснөөр Японы ард түмэн их хожсон шүү. Элэгний В, С вирусынхаа эмчилгээг 100 хувь улсаас даалгадаг болсон. Шүүхэд өгөхөөс өмнө элэгний В,С вирусээр өвдөхөд төлбөрийнх нь тодорхой хувийг улс нь даадаг байсан.

-Элэгний В, С вирусыг эмчлэх ёстой байгууллага нь энэ өвчний вирусыг тараагаад байна шүү дээ. Тэгэхээр монголчууд япончуудын адил эрүүл мэндийн салбараа шүүхэд өгөх боломж байгаа юу?
-Энэ өвчнийг гол тараагч нь эрүүл мэндийн байгууллаг.Ялангуяа мэс ажилбар, шүд авахуулах, хануур хийлгэх, зүү тавиулах, шивээс хийлгэх гээд энэ бүхний цаана элэгний вирус авах магадлал маш их. Авсан байлаа гэхэд дээр хэлсэнчлэн тухайн хүнд огт мэдэгддэггүй вирус. Жаахан ядарна. Зарим тохиолдолд хурцаар шарладаг. Энэ үед элэгний вирус авчээ гэдгийг нь хэлэхэд хялбар. Гэтэл шарлахгүй тохиолдолд мэдэх аргагүй учраас иргэд өөрсдөө цустай холбоотой ямар нэг эмчилгээ хийлгэхийнхээ өмнө болоод дараа нь заавал шинжилгээ өгөх ёстой. Ингэж байж элэгний вирус орж уу үгүй юу гэдгээ мэднэ.

-Элэгний вирус авснаа тухайн хүн мэдчихлээ, тэгээд яах уу?. Хаашаа, хэнд хандах уу? 
-Хамгийн гол нь бид энэ тухай чинь яриад байгаа юм. Элэгний өвчинтэй тэмцэх олон улсын өдрөөр бас л энэ асуудлыг ярьдаг. Өнөөдөр эмнэлгийн байгууллагуудад ямар нэг хариуцлагын тогтолцоо гэж алга байна. Хэн нэг хүний өвчнийг эмнэх бус харин насан туршид нь эдгээх аргагүй өвчинг эрүүл мэндийн байгууллага өгөөд байна. Гэтэл үүнтэй тооцдог арга хэмжээ юу байна, яаж үүнийг арилгахын гээд хууль эрхзүйн боломж бидэнд байхгүй. Тухайлбал, нэг хүн вирус авснаа мэдлээ гэхэд сайндаа л Мэргэжлийн хяналтын байгууллагад л хандана. Гэтэл хамгийн хөөрхийлөлтэй нь нөгөө Мэргэжлийн хяналтын газарт нь элэгний вирус авсан үгүйг нь тогтоох чадвар алга. Долоо хоногийн өмнө би нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад очсон. “Энэ ард түмэн чинь элэгний В, С вирусээр өвчлөөд үхээд дууслаа шүү дээ” гэтэл “Бидэнд шалгах багаж төхөөрөмж нь байхгүй ээ” гэж хэлсэн. Ийм өрөвдөлтэй байдалтай сууж байна. Эмнэлгийн байгууллагаас нь дутуу хагас арчдас авдаг юм шиг байна лээ. Хамгийн гол нь арчдас авлаа гээд түүн дотор нь элэгний вирус байгаа, үгүйг нь үзэхгүй л юм бол мянга дахин аваад ч хэрэг алга. Үүнийг тогтоох ёстой байгууллага нь мэргэжлийн хяналтынхан атал багаж тоног төхөөрөмж байхгүй, төсөв мөнгө хаанаа ч хүрдэггүй гэж хэнэггүйхэн хэлээд сууж байхын оронд тэр олон хүнийхээ заримыг нь цомхотгоод шаардлагатай тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй шүү дээ. Бүхэл бүтэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар битгий хэл хувийн жижигхэн лаборатор элэгний вирус тоолдог, шинжилдэг болчихсон байхад ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр ичгэвтэр биз дээ. Нөгөө талаар багаж тоног төхөөрөмжийн ариутгал халдваргүйтгэлд анхаарах хэрэгтэй байна. Энэ тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтынханд хэлэхээр “Бид мэдэхгүй улсын Мэргэжлийн хяналт мэднэ” гэсэн тайлбарыг хэлж байсан. Үнэн худлыг нь би хэлж мэдэхгүй юм. Гэхдээ л үүнд эргэлзэж байгаа шүү.  


-Гол буруутан нь эрүүл мэндийн байгууллага бай­лаа гээд иргэд хаана ч хандаад тусыг эс олно гэж ойлгож болох уу?
-Үнэндээ хууль эрхзүйн ямар ч  орчин алга байна. Эм­нэл­гээс халдвар авсан гэдэг нь тогтоогдсон ч  тухайн эм­нэлгийг хэдэн сая төг­рөгөөр торгоно, эс­вэл эмчилгээний зард­лыг нь 100 хувь даана гэдэг ч юм уу хууль эрх­зүйн ямар нэг орчин бий болгохгүй бол хариуц­лага хүлээхгүй нь ээ. Бод л доо, С вирусээр өвчил­сөн нэг хү­нийг эмчлэхэд нэг жилд 15-20 сая төгрөг зарцуулдаг. Харин В вирусыг хоёр жил эмчлэхэд 7 мянган ам доллар зарцуулдаг. Гэтэл энэ их зардлыг ямар ч буруугүй хувь хүн үүрээд эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байна. Ийм л улс оронд бид амьдарч байна шүү дээ.

-Эмнэлгийн байгууллагуудад ариутгалын төв байдаггүй юм уу? 
-Байхгүй. Иймд олон улсын стандартад нийцсэн нэгдсэн ариутгал халдваргүйжилтийн төвтэй болгосноор энэ асуудлыг шийдэж чадна.


-Энэ тал дээр танай холбоо хийхээр төлөвлөсөн зүйл байна уу?
-Бид хий дэмий хэлж, ярихаас өөрөөр юу ч хийж чадахгүй байна. Ямар сайндаа л долдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбай дээр очиж баахан орилж хаш­гир­лаа./инээв/ Манайх чинь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага. Гэх­дээ ард иргэдийн дунд элэг­ний өвчлөлийг бууруулах, түү­нээс сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь бидний эрхэм зорил­го юм даа. Үү­ний тулд бид су­дал­гаа хий­дэг. Тоо ба­­римт хангалттай байна. Ард түмэн сүүлийн үед энэ талаар их мэддэг болжээ. 

-Хууль эрх зүйн орчинг бий болгох талаар ямар нэг зүйл хийж байна?
-Хуулийн төсөл өргөн барих талаар хуульчидтай хамтран ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас гадна шивээс хийдэг газрууд бас бий. Энэ бүхэнтэй хариуцлага тооцохдоо зүгээр торгоод өнгөрөх үү эсвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх үү  гэдэг талаар асуудлыг нэлээд хүчтэй гаргаж ирмээр байна. Ингэхгүй бол ямар ч хуулийн хариуцлага алга. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иииии (43.242.243.237) 2015-02-13 22:57:17
сайн байна уу багадаа шарласнаасаа хойш нүд хумсанд шар өнгө тогтсон байвал ямар төрлийн шарлалт вэ ямар эмчилгээ хийдэг бол
zochin (202.70.42.26) 2015-01-30 09:31:08
Emnelgiin baiguullagatai xariystlaga tootsox tuxai gargax xuuliin tusliig mash ix demjij bna Xurdan gargaaraiBayarlalaa Busad ni mergejliin xyanaltiinxan ajlaa sain xiigeechee