Олон сая хүнийг гунигт автуулсан бяцхан охин
Нүдэнд нь айдас, эмээх сэтгэл тодорсон бяцхан хүүхдийн гараа өргөн зогсож буй фото зураг сошиал ертөнц дэх олон сая хүний зүрхийг шархлуулж, гунигт автуулж байна. Түүний айж мэгдсэн бяцхан харц, хүйтэн зэвсэг агссан хэн нэгнээс эмээсэн мэт харагдана. Тиймээ тэр яг л тэгж бодсон. Гэвч үнэндээ тэрээр өөрийг нь тойрон эргэлдэж буй олон сэтгүүлчийг зэвсэгт дайчид, камерыг нь буу хэмээн боджээ. Энэхүү зургийг Газын зурваст ажилладаг фото сэтгүүлч Надиа Абу Шабан өнгөрсөн долоо хоногт твиттер хуудсандаа байршуулжээ. Гэтэл зураг маш богино хугацаанд цахим ертөнцөд тархаж, олон сая хүн хуваалцсан аж.

Түүнчлэн сэтгэл нь шимширч, зурган дахь охины хувь заяанд санаа зовсон олон мянган хүн сэтгэгдэл үлдээсэн байна. Түүний дотор зургийг зохиомлоор авсан, бодит биш хэмээн маргах хүн ч байв. Харин Надиа Абу Шабан зургийг өөрөө дараагүй хэмээн тайлбарласан бөгөөд хэн дарсан тухай мэдээлэл түүнд байсангүй. “Imgur” хэмээх вэбсайт зургийг жинхэнэ хэмээн баталж, Туркийн гэрэл зурагчин Осман Сагирлигийн 2012 онд дарсан зураг гэсэн бөгөөд зурган дээр гарсан хүүхдийг хүү байсан хэмээжээ. Гэхдээ энэ тайлбар баттай эсэх нь тодорхойгүй байсан юм. Ингээд “BBC” агентлаг багагүй хугацаанд эрэл хийсний үр дүнд үүнийг Туркийн гэрэл зурагчин Осман Сагирли авсан нь үнэн болохыг тогтоожээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар Сагирли одоо Зүүн Африкийн Танзани улсад ажиллаж байгаа гэнэ. Гэхдээ зурган дээр гарсан хүүхэд хүү биш дөрвөн настай Ади Худя гэх охин байсан гэж тэрээр ярьсан байна.
Осман Сагирли өнгөрсөн арванхоёрдугаар сард Сири дэх Атмений дүрвэгсдийн хуаранд ээж хоёр эгчийн хамт байрлаж байсан бөгөөд дайны улмаас Хама хот дахь орон гэрээ орхин 150 километрийн зайтай байрлах Атмений дүрвэгсдийн хуаранд ирсэн нь энэ аж. Охины аав 2012 онд Хама хотод болсон террорист халдлагын үеэр амиа алджээ. “Би зураг дарахдаа фото дуран ашигласан юм. Тэр үүнийг зэвсэг гэж бодсон бололтой. Би дарсан зургаа хараад охины хичнээн их айсныг ойлгосон. Учир нь тэрээр амаа жимийж, гараа өргөсөн байсан. Жирийн хүүхдүүд камер харсан үедээ нүүрний хувирал инээмсэглэлээ нууж, ихэнхидээ зугтдаг. Дайны улмаас орон гэрээ алдан дүрвэж ирсэн эдгээр хүүхдүүд ямар зовлон бэрхшээлийг туулсан болохыг би бэлхнээ харж байсан” хэмээн Сагирли ярьсан юм.
Энэхүү зураг хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард “Turkiye” сонинд нийтлэгдсэн байна. Сагирли тус сонинд 25 жил ажиллажээ. Таван жилийн турш үргэлжилж буй Сирийн иргэний дайн 220 мянган хүний амь насанд хүрээд байгаа бөгөөд тэдний 10 мянга нь хүүхдүүд байжээ. Түүнчлэн орон гэрээ орхин дүрвэсэн 12 сая хүний дотор таван сая хүүхдэд нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай гэж Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлж байна. Худя охин бол дайны хөлд нэрвэгдэж, зовж зүдэрч буй олон сая хүүхдийн нэг билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






