Гутранги бодолтойгоо тэмцэх 5 арга
Бүсгүйчүүдэд маань ухамсаргүйгээр цухалдаж, эрч хүч багасч, өөрийн үнэлэмж буурч, өөрийгөө бусдаас дорд үзэх, эргэн тойрны хүмүүстэйгээ үл ойлголцож, муудалуах зэрэг шинэ тэмдэг илэрч, сэтгэл санаа тавгүйтдэг үе бишгүйдээ л байдаг биз дээ. Сэтгэлээр унахад энэ дэлхий дээрх ямар ч зүйл нэмэр болохгүй мэт санагддаг шүү дээ. Гэтэл үүнийг шийдэхэд тийм ч хүнд биш ажээ. Сэтгэл гутралтайгаа хэрхэн тэмцэх талаар таван алхмыг уншигчиддаа толилуулж байна.

Нэгдүгээр алхам: Өөрийгөө шүүмжлэх, буруутгахаа болих
Бусад хүн таныг буруутгаж, шүүмжлэх үед түүнтэй эвлэрч, хөндлөнгийн хүний тодорхойлолтоор өөрийн дотоод мөн чанараа “азгүй амьтан” мэтээр ойлгож байгаа нь сэтгэл зүйн дархлаагүйг илтгэж буй. Хамгийн чухал нь өөртөө итгэлтэй, хүндлэлтэй байх явдал юм. Өөртөө үнэнч, өөрийгөө хүндэлдэг хүн хэзээ ч бусдын зэмлэлийг хүртдэггүй. Харин танд хандаж хэлсэн бусдын шүүмж бүрийг хүндээр тусган авч шаналах хэрэггүй.
Хоёрдугаар алхам: Уур бухимдлаа тайлах аргуудад суралцах
Асуудал бүрийг тайван бус замаар шийдвэрлэх нь мэдээж таагүй үр дүнд хүргэнэ. Тиймээс аливаа зүйлд хүлээцтэйгээр хандах, ирээдүйд гарах сөрөг нөлөөллийг тооцоолж харах нь сэтгэл санааны тавгүй мэдрэмжээс урьдчилан сэргийлэх “вакцин” болдог. Бухимдсан үедээ өөртөө цаг гаргаж, гүнзгий амьсгаа авч, эрүүл мэндэд тань хэрхэн сөргөөр нөлөөлөх талаар мэдлэг олох гэх мэт аль болох тайван болох арга замыг олохыг хичээгээрэй.
Гуравдугаар алхам: Өөрийгөө идэвхижүүлэх
Сэтгэл санаа гутарсан үедээ сульдаж, ядардагийг бие махбодиороо мэдэрдэг. үүнтэй тэмцэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн нь физиологид тархины сэтгэцийн уян хатан чанарыг хадгалж, эндорфин буюу аз жаргалын дааврыг ялгаруулдаг нь шинжлэх ухаанд нотлогдсон. Өдөрт зүрхнийхээ хэмнэлийг 20 минутын турш хурдасган, долоо хоногт ядаж 4 удаа эрч хүчтэй, хурд шаардсан дасгал хийх нь сэтгэл санааны байдлыг сайжруулдаг.
Дөрөвдүгээр алхам: Өөрийгөө ганцаардуулахаа боль
Заримдаа таны дотор ганцаараа байсан нь дээр, хэн ч намайг ойлгохгүй гэх мэтчилэн бусдаас зугтаах бодол эргэлддэг байх. Ичмээр нөхцөлд, хүнд үе мэт санагдаж байгаа бол дотны хүндээ илэн далангүй ярих хэрэгтэй. Энэ нь өрөвдүүлэх, муугаа үзүүлэх гэсэн санаа биш, харин таньд санаа тавьдаг хүмүүст юу болж байгаа талаар бодитойгоор ойлгуулах боломж юм. Эсвэл өөрийн сонирхлын дагуу нэгдсэн хүмүүсээр хүрээлүүлж, нийгмийн атмосферт нэгдээрэй.
Тавдугаар алхам: Хором мөч бүхэн үнэтэй, уйтгарлаж суух цагаа багасга
Таны хамгийн том дайсан бол бусад хүмүүс биш, харин таны дотор байгаа сөрөг бодлууд байдаг юм шүү. Энэ нь таныг завтай байх үед гарч ирдэг “шимэгч” ажээ. Та яг одоо уйтгарлаж, гутарч байна уу? Тэгвэл та маш их завтай байгаагийн шинж. Завтай хүн хамгийн их сэтгэлээр унадаг гэдэг үг ч бий. Өөрийгөө хөгжүүл. Бусадтай харилцаа тогтоо. Дөрвөн хананы дунд бүү хүлэгд, бүсгүй минь.
Эцэст нь хэлэхэд хэрвээ та өөрөө шийдэж чадахгүй асуудлаасаа болон шаналж суугаа бол лам, бөө нарт биш сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Тэд шинжлэх ухааны онол, мэргэжлийн оношилгоо, тусламж үйлчилгээний дагуу асуудлаа шийдэхэд тань туслах болно.
Эх сурвалж: setgel.org
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







