ЭМЭЭГИЙН МААНЬ БЭЛЭГЛЭСЭН ХАЛГАЙ МИНИЙ БИЗНЕС БОЛСОН
“Монкрем” компанийн захирал, химийн ухааны доктор Э.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Монголын анхны компаниудын нэгийг гардан байгуулж, гоо сайхны анхдагч бүтээгдэхүүнийг хүмүүсийн гар дээр тавьж, дэлхийд танигдсан монгол брэнд “Халгай”-г бүтээж чадсанаараа яах аргагүй энэ цагийг бүтээж байгаа монголчуудын нэг юм.

- “Монголд бүтээгдэв” гэсэн шошготой цөөхөн бүтээгдэхүүн дундаас тасралтгүй,
туйлбартайгаар зах зээлд нийлүүлэгдэж байгаа хуруу дарам бүтээгдэхүүний нэг нь
“Халгай” шампунь. Энэ брэнд яагаад“төрөх”болов,
ер нь та яагаад
гоо сайхны бүтээгдэхүүний салбарт
хөл тавьсан юм бэ?
-Энэ салбарт орж ажиллах
болсон маань мэдээж миний эзэмшсэн мэргэжилтэй холбогдож таарна. Би Чехийн
Прага хотын Хими технологийн дээд сургуулийг 1977-1984 онд химич, технологич
мэргэжлээр төгсөөд нутагтаа Нийтийн ахуй үйлчилгээний яамны боловсон хүчин болж
ирж байлаа. Яамны харьяа институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад хүүхдээ төрүүлээд
түр амралттай байх үед
яам маань татан буугдчихсан юм. 1989 он шүү дээ. Тэр үед
хувийн хоршоонууд дөнгөж байгуулагдаж эхэлж байсан юм. Тэгээд би 1989 оны тавдугаар сарын 29-нд үйлдвэрээ байгуулсан даа.
Эхэндээ арьс арчилгааны бүтээгдэхүүн тэр дундаа гар, нүүр, хөлийн тос хийж
байв. Харин “Халгай” шампуниа 1991 оноос эхлэн хийсэн.
Нэг юм
хүсээд, зориод, хийгээд ирэхээр хүн тэрнийгээ дагаад хөгжиж, боловсорч
эхэлдэг юм билээ.Би чинь хүний арьс гэж юу юм, ямар онцлогтой юм, үс ямар байдаг юм,
яагаад халцардаг юм гээд бүгдийг сонирхож, судлаж эхэлсэн.
Угаасаа манай Мон Крем
компанийн бүтээгдэхүүнүүд чинь миний олон
жилийн эрдэм шинжилгээний ажил, туршилтын үр
дүн юм шүү дээ. Бид байгуулагдсан цагаасаа хойш Монгол
орныхоо байгалийн гаралтай түүхий эдээр эрүүл,
сайн, чанартай бүтээгдэхүүн гаргахыг зорьж ирлээ. 2005 оноос
эхлэн үс арчилгаа руу голлон, бүх хүчээ дайчлан орох болсон. Дэлхий нийтээрээ химийн гаралтай
бүтээгдэхүүнээс зайлсхийж, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг эрхэмлэх болсон нь биднийг зөв зүйлийг эхлүүлж, хийж байгаа
юм байна гэдэгтээ улам итгэлтэй болгосон. Монголчууд маань ч гэсэн эрүүл мэндээ
хэмнэлтээс түрүүнд тавьдаг болсон ч, тийм ч удаагүй байна.
- Тэгэхээр
та бүр ерэн оноос өмнө хувийн хэвшлийн салбарт хөл тавьжээ. Хувиараа ажиллах зориг хаанаас төрөв? Тэр цаг үед хувиараа бизнес хийнэ, тэгээд эмэгтэй хүн
гэдэг утгаар нь асуулаа.
-Чехд сурч байхдаа
бид дадлагаа үйлдвэрүүд дээр очиж хийдэг байлаа. Чехийн “Астрид”, “Арома”
компани, дараа нь төгсчихөөд Польшийн “Флорина” дээр дадлага хийж байлаа. Хөгжингүй орнуудад
үйлдвэрлэл яаж явдгийг нүдээрээ харчихсан хүнд бас арай өөр бодол төрөлгүй
яахав. Тухайн үед манайд өөрийн гэсэн гоо сайхны бараа бүтээгдэхүүн байдаггүй
байлаа шүү дээ. Тэр үед л нутагтаа очоод ийм зүйл хийж
болох юм байна гэсэн хүсэл мөрөөдөл төрчихсөн байсан юм. Мэргэжлийн хүнээс
гадна эмэгтэй хүнийхээ хувьд дэлхийд ийм хэрэгцээ байгаа юм бол Монголд маань ч гэсэн байх ёстой, ирээдүйд бий болох юм байна гэдгийг мэдэрчихсэн байж л дээ.
-Танай гаргаж байсан
“Туяа”, “Цагаан шөнө” гээд тоснуудыг одоо хүртэл их сайн тос байсан талаар
ярьдаг даа. Тэгэхэд танайхаас өөр гоо сайхны тос хийдэг газар байсан
уу?
-Манай зах зээлд Орос,
Германы “Утро”, “Крем21”, “Нивеа” тоснууд зарагддаг
байсан. Санаж байгаа
бол хүүхнүүд хуурай пудр жигтэйхэн
түрхдэг байсан даа. Монголын гэх бүтээгдэхүүн ховор. Их дэлгүүрийн тэнд тосны
цех гээд цаасанд боодолтой тос гаргадаг нэг газар байсан. Бас манай институт “Туяа”, “Сувд” гээд тоснуудыг цехдээ
хийдэг байсан. Түүнээс өөр Монголын гэх бүтээгдэхүүн байсангүй. Ийм үед л ажлаа
эхэлж байлаа. Манай үйлдвэр тэгэхэд өдөр тутмын “Туяа”, “Сувд” тос,
шөнийн “Цагаан шөнө”, бас “Цоморлиг”, “Дэлбээ” гээд лосион,
сүүн шингэн хийдэг байсан.

- Та тэгээд яг яаж эхэлж байв даа? Үйлдвэрийн
байр сав, эхлэлтийн санхүүжилт гээд мөнгө хэрэг болж л таараа.
- Анх “Гоо сайхан хувийн үйлдвэр”
гэсэн нэртэй байсан юм. Инээдтэй байгаа биз? Үйл ажиллагааныхаа чиглэлээр
компаниа нэрлэчихсэн. Тэр үед чинь ямар брэнд энэ тэр гэсэн ойлголт байсан биш.
Сүүлд 2000 оны эхэн үед аж ахуйн
нэгжийн гэрчилгээг шинэчлэн, нэрийг стандартжуулах үед “Монкрем” болгож өөрчилсөн.
Мөнгө хэрэг
бололгүй яахав. Манайх 1992 онд ХОТШ банкнаас 800
мянган төгрөгийн зээл авч, Чехээс хоёр шинэ тоног төхөөрөмж, түүхий эд авч
үйлдвэрээ өргөжүүлж байв. Аав маань нягтлан бодохын хүн байсан болохоор
компанид маань нягтлангаар ажиллаж байлаа. Бараг л ааваасаа нууцаар шахуу
зээлээ авч байсан даа. Тийм болоод ч тэр үү зээлээ ердөө
хагас жилийн дотор төлж дуусгасан шүү.
-Үнэндээ тэр үед зээл
авсан бол өгөх тухай ойлголт байдаггүй байсан юм биш үү. Тэр цагийн 800 мянга
гэхээр овоо чанга байсан байх даа?
- Төлж баршгүй л их мөнгө
санагдаж байсан юм даг. Гэхдээ, хэдийгээр тухайн үед зээлийг ямар нэгэн барьцаагүй өгдөг байсан ч бид зээлээ богино хугацаанд төлсөн. Аз болоход манай бүтээгдэхүүний эрэлт их байсан юм.
- Их үнэнч байж дээ, та. Нэг хэсэг гадны бараа бүтээгдэхүүн битүү орж ирэх үед танай борлуултад уналтын үе гарч ирсэн үү?
- Тэгсэн. Гэхдээ бизнес дандаа дардан шулуун байдаггүй. Унаж боссоор явдаг. Ерээд
оны сүүлчээс манайхан их гадагшаа дотогшоо явсан даа. Ерээд оны сүүлч, хоёр мянгаад оны эхээр уналтын байдал мэдрэгдэх болсон. Хүмүүс
дотоодын гэхээсээ гадны сав баглаа гоё, импортын бараа бүтээгдэхүүнийг илүү
сонгох болсон. Тийм үе тохиосон ч бид үндсэн чиг шугамаасаа хазайгаагүй. Байгалийн
гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилгодоо үнэнч байж, Монгол орны хөрсөн дээр ургаж, боловсорсон түүхий эдээс бүтсэн бүтээгдэхүүнийг сонгох цаг ирнэ гэдгийг мэдэж байсан учраас тэр. Магадгүй би Европод сурч,
амьдарч байхдаа химийн гаралтай бараа бүтээгдэхүүний хор уршгийг эрт мэдэж,
хүмүүс эргээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ сонгож байгааг харж мэдэрсэн
маань нөлөөлсөн байж болох юм.
- Нээрээ манайхан одоо аль болох байгалийн
гаралтай бараа бүтээгдэхүүнийг сонгох гэж хичээдэг болсон шүү. Хоол хүнсэндээ
үүнийг анхаарч байгаа ч гоо сайхны бараа бүтээгдэхүүний тал дээр жаахан сул
байна уу даа?
- Нэг үеэ бодох юм бол, хүмүүс байгалийн гаралтай бараа бүтээгдэхүүн сонгох талаар их ярьж,
эрүүл мэнддээ анхаардаг болжээ. Гэхдээ хоол хүнсэн
дээр илүүтэй ярьж байна. Гэтэл гоо сайхны
бараа бүтээгдэхүүн бол арьсаараа, шампунь бол хуйхаараа хүртэж байгаа хүнс юм шүү дээ. Арьсан дээр түрхэж байгаа бүх төрлийн гоо сайхны
бүтээгдэхүүн арьсан дор байгаа хялгасан судсуудаар дамжиж, хүний цусанд нэвчиж
орж байдаг. Тийм учраас арьс бол боловсруулдаг, амьсгалдаг эрхтэн. Сүүлийн
үед эрчимжээд байгаа төрөл бүрийн харшлууд бол химийн
гаралтай бараа бүтээгдэхүүн удаан хэрэглэсний хор уршиг юм. Харамсалтай нь, хүмүүсийн
энэ талын мэдлэг, мэдээлэл
муу байна. Гэтэл гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа
бүтээгдэхүүний эрэлт хэр их байдгийг дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүний төрөл зүйлийн
тооноос харж болно.

- Байгалийн гаралтай
бүтээгдэхүүнтэй харьцуулахад химийн
гаралтай бараа бүтээгдэхүүнд “удаан хадгална”, “үнэ хямд”, гэх мэт давуу тал
олонтой мэт. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулна гэдэг
амаргүй байх. Ялангуяа, манайд ороод ирсэн том брэндүүдтэй өрсөлдөхөд, тийм үү?
- Байгалийн гаралтай бараа
бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг амаргүй. Гоо сайхны бараа бүтээгдэхүүний чанар
цэвэр түүхий эдийн сонголттой холбоотой байдаг юм. Би “Эх
орны түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх судалгааны ажил” гэсэн сэдэвтэй эрдмийн
ажлаараа үүнийг л судласан. Мон Крем компани 5 төрлийн үсний шампунь, ангижруулагч, үсний тэжээлийн тос, хоёр төрлийн маск үйлдвэрлэж, халгайн
ханд бэлддэг. Бид бас нэгэн төрлийн далайн замгаас коллаген гаргаж авдаг. Эдгээрээс, ханд, коллаген хоёр хадгалалт даахдаа
тааруу. Гэхдээ бид бүтээгдэхүүнийхээ
хадгалалтыг удаашруулахын тулд
байгалийн гаралтай давс ашигладаг. Цэвэр технологийн асуудал л даа. Ний нуугүй хэлэхэд,
манайд импортоор орж ирж байгаа шампаниудад байгалийн гаралтай ганцхан түүхий
эд орсон байдаг нь ус гээд хэлчихэд буруудахгүй. Энэ шампуниуд хэрэглэсний
дараах хэдэн цагт л үр дүнгээ өгнө. Дээр нь гоё үнэртэй. Бас сайн хөөсөрдөг.
Гэтэл энэ хоёр шинж чанарыг химийн бодисын ачаар л бий болгодог. Импортын шампуниудын 30 хүртэлх хувийг хөөсрүүлэгч, 5 хүртэлх хувийг үнэр
оруулагч бодис эзэлдэг. Товчхондоо, бага хөөсрөлттэй, үнэргүй байгаа нь эрүүл ахуйн үүднээс сайн гээд ойлгочихож болно.
- Та ер нь яагаад гоо сайхны бүтээгдэхүүнээс үс арчилгаа руу хөрвөчихсөн юм бэ?
- Хэдийгээр “Халгай” шампунь 1991 оноос үйлдвэрлэгдэж, эхэлсэн ч бид 2005 оноос эхлэн үс арчилгаагаар дагнан ажиллах болсон.
Ингэх болсон маань надад тохиолдсон нэг явдалтай холбоотой. 2004
онд байхаа, үсчинд үсээ будуулав аа. Тэгсэн миний хуйх түлэгдээд тун эвгүй болчихоор нь буцаад үсчиндээ очлоо. Янз бүрийн л тос түрхэж, массаж
хийлээ. Нэмэр болоогүй.
Сайн гэсэн бүх газраар орж,
чанартай гэсэн болгоныг л хэрэглэж үзлээ.
Жил тойрон болоход үс, хуйх маань олигтой эдгээгүй. Гэтэл Халгай шампуниа хэрэглээд үзсэн чинь зүгээр
болчихдог байгаа.
Хуйхаа гэмтээх хүртлээ би Халгай шампунийн ид шидийг мэдрээгүй явсан байгаа юм.
Энэ үеэс л үс арчилгаа руу эргэлт
буцалтгүй орохоор шийдсэн. Одоо Монголд үс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
манайхаас өөр газар алга. Үс арчилгааны судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл,
үйлчилгээг бид цогцоор нь хийж байна. Тэгээд бас судалгаа, туршилтын үр дүнд суурилан бүтээгдэхүүнээ гаргасны дараа мэргэжлийн
салон хэрэгтэй
байгааг бид мэдэрсэн учраас хоёр жилийн өмнөөс “Халгай”
салоноо ажиллуулж байна. Арьс арчилгааны талаар хуримтлуулсан туршлага арвин
болохоор үс арчилгаа руу шилжихэд хүндрэл бэрхшээл байгаагүй.
- Ингэхэд, халгай ямар онцлогтой, тустай ургамал вэ?
-Халгай гэдэг ургамлыг чамгүй олон
жил судаллаа. Халгайг бурхны зоог ч гэдэг.
Мял богдын намтар дээр багш Марваа гэгээнтэн ямар ч хоол ундгүй болсон үедээ
хадан дээр ургадаг ногоон ургамлыг хандалж уугаарай гэж захиж, Мял Богд олон
жил зөвхөн халгайгаар хооллож явсан тухай өгүүлсэн байдаг. Халгай маш олон
төрлийн эрдэс бодис агуулсан байдаг. Уургаар баялаг. Мөн витамин С, В, К гээд витаминууд халгайд арвин бий.
Үсний бүтцийг
судлаад үзэхэд, дийлэнх нь уураг байдаг. Уураг дутагдсанаас бол үс гэмтэж,
хуурайшиж, хагтаж, унадаг. Хятадын
эрдэмтэдийн судлагаагаар, халгайгаар могойн хорыг тайлж байсан баримт бий. Халгай
нь хордлого тайлах, тайвшруулах
үйлчилгээтэй. Ер нь их өвөрмөц ургамал. Газрын хамгийн эрүүл, эрдэслэг, шим
тэжээлтэй газар, хөрсөө сонгож ургадаг ургамал. Тиймээс магни, кальци, цайр
гээд эрдсийг газрын хөрснөөс шингээж авдаг.
Бид
бүтээгдэхүүнийхээ гол түүхий эд болох халгайг хавар
тавдугаар сард, хортон шавьж гарахаас өмнө буюу элдэв шавьж, амьтан суугаагүй хамгийн цэвэр байх
үед нь бэлдээд авчихдаг. Халгай бол яах аргагүй Монголын үнэт ховор ургамалд тооцогдоно. Дэлхийд халгай ургадаг газрууд цөөрөөд л байгаа. Японд гэхэд л
260 жилийн өмнө халгай ургадаг байсан тухай би япон судлаачаас сонссон.
Ер нь химийн үйлдвэрлэл өндөр
хөгжсөн орнуудад халгай ургахаа байсан. Монголд ч гэсэн хуучин ургадаг байсан
газруудад ургахаа байчихаад байгаа нь
харамсалтай.
-Танайх Монголын хамгийн
анхны шампунь уу?
-Анхных нь арай биш ээ.
Савангийн үйлдвэр “Хангай” гээд шампунь хийдэг байсан. Одоо байхгүй л дээ. Бид Халгай шампуниа үйлдвэрлээд 24 жил болчихсон байна. Ирэх жил Халгай брэндийн 25 жилийн ой болно. Манай энэ брэнд чинь 2 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн юм
шүү дээ.
- Юу гэсэн үг вэ?
- Манай шампунь
зах зээлд нийлүүлэгдсэний дараа халгайн найрлагатай шампуниуд цөөнгүй төрөн
гарах болсон л доо. “Халгай” брэндийн барааны тэмдэгээ патентжуулж авсан бидний
хувьд зүгээр хараад сууж чадаагүй. Муухай нь, тэдгээр шинэ шампуниуд өөр нэртэй
ч, найрлагаа томоор бичих гэх мэтээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж, түүнээс болж
манай брэндэд сөрөг үр дагавар ирэх вий гээд зөвхөн “Халгай” барааны тэмдэгээ нь
үнэлүүлсэн нь тэр. Товчоор хэлбэл, манай брэндийн нэрийг ашигласан байвал тэр
хэмжээний торгууль төлнө гэсэн үг. Технологи нь бас тусдаа үнэлэгдсэн.
- Танай фэйсбүүк хуудсан дах хэрэглэгчдийн
сэтгэгдэлийг харж байхад магтаал их байдаг юм билээ. Гэхдээ, ““Халгай”-гаар
угаасан чинь үс хатуураад
байна”гэсэн сэтгэгдэлүүд байсан. Энэ ямар
учиртай вэ?
- Энэ асуудал
эрүүл үстэй хүнд тулгардаггүй. Харин үсээ будуулж, хими хийлгэдэг хүмүүсийн үс “Халгай”
шампуниар угаасны дараа эхэндээ хатуураад байдаг нь бидний судлагаагаар тогтоогдсон. Энгийнээр
хэлэхэд, химийн найрлагатай бүтээгдэхүүнд дассан үс байгалийн гаралтай шампуньд
реакци үзүүлж байна гэсэн үг. Гэхдээ тогтмол хэрэглээд ирэхээр үс хатуурахаа байдаг. Эрүүлжиж байгаа нь тэр юм. Зарим
хүнийх хоёр угаалтын дараагаас мэдэгддэг
бол хими хийлгэж, супрадуулж бүр нарийсгасан үсэнд хугацаа шаардлагатай. Ганц
манай бүтээгдэхүүн бус бүх төрлийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнд ийм
реакци үзүүлдэг.
- Хүмүүс
энэ тал дээр мэдлэг их
муутай санагддаг. Сайтар маркетинг хийсэн брэнд, өнгө үзэмж хоёрт хууртаад
байх шиг.
- Мэдлэг үнэхээр муутай. Бас олонх өнгө,
үзэмжийг илүүд үзэх нь элбэг. Энэ нь бас бид ажлаа дутуу хийсний илэрхийлэл.
Бид хэрэглэгчдээ муу боловсруулж байна. Бас бүтээгдэхүүнийхээ сав, баглаа
боодол маркетингд анхаарах ёстойг их сайн ойлгоод байгаа. Энэ дутагдалаа засахаар
ажиллаж байгаа.
Монгол хүмүүс саяхныг болтол тун эрүүл сайхан үстэй байдаг байлаа. Биднийг
оюутан болоод гадаадад очиж байхад “Монголчууд ямар сайхан үстэй хүмүүс вэ”
гэсээр атганд багтахгүй шахам өтгөн үсийг барьж үзье гэдэг
байсныг санаж байна. Магадгүй энэ нь монголчуудын эрүүл хоол хүнс идэж,
байгалийн гаралтай ургамлыг хандалж үсээ угаадаг
байсантай холбоотой байж магад. Эмээ маань гэхэд л биднийг багад халгай хандалж байгаад үсийг маань угааж
өгдөг байсан юм. Халгайгаар шампунь хийх сэдэл ч үүнтэй холбоотой. “Халгай” бол
эмээгийн маань бэлэг байж гэж одоо бодогддог юм. Хүмүүс олон жилийн турш химийн гаралтай шампунь
хэрэглэж, хүчээр шахам үсээ сэвсгэр зөөлөн болгож ирсэн нь өнөөдрийн
асуудлуудыг үүсгээд байгаа. Ангижруулагч маш ихээр хэрэглэдэг. Ангижруулагчтай
шампуниуд нэг хэсэг их байлаа. Манайх ч бас тэгж хамт савлаж үзсэн. Гэтэл бидний судлагаа, туршилтаар ангижруулагч, шампунь хоёр нэг дор
орохоороо нөгөөгийнхөө үйлчилгээг сааруулдаг нь тогтоогдсон. Манай
ангижруулагчийн хувьд цэвэр халгай, байгалийн коллаген дээр суурилагдсан
органик бүтээгдэхүүн.
- Органик
гэдэг үг бүр улиг
болгочихжээ. Органик хиам ч гэж байх шиг. Органик гэж яг ямар бүтээгдэхүүнийг
хэлэх ёстой юм бэ?
- Найрлаганд багтаж байгаа бүх орц нь
химийн үйлдвэрийн бус аргаар боловсруулагдсан байх ёстой. Гэтэл өнөөдөр химийн
шинжлэх ухаан хөгжөөд ямар ч бодисыг органик бодистой ижил бүтэцтэйгээр гаргаж
авч болдог эрин үед амьдарч байна. Жишээ нь, манайх үсний тэжээлийн тосондоо
жожоба модны тосыг хэрэглэдэг. Энэ тос нь бүтцийн хувьд хүнээс
ялгардаг тостой хамгийн ойр учраас амар шингэдэг, хамгийн сайн тос гэгддэг.
Гэхдээ энэ тосыг бас химийн
аргаар гаргаж авч болж байна. Найрлагыг нь аваад үзвэл яг адил, нэг томьёотой
гарна. Гэтэл бүтцээр нь задалбал байгалийнх нь зөв
эргэлттэй, химийнх нь буруу эргэлттэй байдаг. Үүнийг
спектрийн аргаар тодорхойлдог. Үүнийг өндөр хүчин
чадалтай тоног төхөөрөмжийг ашиглан хийдэг. Саяхныг болтол энэ бололцоо Монгол
улсад байсангүй. ШУА-ийн Физик технологийн
хүрээлэнгийн Материал судлалын лаборатори ийм багажтай болсон байна билээ. Тэнд манайх бүх бүтээгдэхүүнүүдээ органик
гэдгийг батлуулаад байна. Бидний хэрэглэж буй бүхий л зүйлсийг шалгаад, баталгаажуулдаг болчих юм бол монгол хүний эрүүл
байх эрхийн төлөө хийж буй маш том ажил болно доо.
- Мэргэжлийн хүнтэй уулзсаных, асуухгүй байж боломгүй
байна. Үсчид аль болох ангижруулагч хэрэглэхгүй байхыг зөвлөдөг болж. Энэ ямар учиртай юм бэ?
- Энэ импортын
ангижруулагчид химийн гаралтай байдагтай холбоотой. Тийм учраас үсчид
ангижруулагчийг хуйхандаа хүргэхгүй байхыг, болж өгвөл хэрэглэхгүй байхыг
зөвлөх болсон. Миний хуйхыг гэмтээсэн “хэргийн эзэн” болохыг хэн хүсэх билээ.
Гэтэл манай Халгай шампунь, ангижруулагчийг үс, хуйхандаа түрхэхээс гадна
массажлаж, хэсэг хугацаанд байлгаж болно. Ямар сайндаа, массажлахаас залхуурсан
манай нэг хэрэглэгч, “хуйхандаа түрхээд 3 хоног угаагаагүй. Яах ч үгүй л байна”
гэчихсэн ярьж байсан.

-Үс халзрах явдал
дэлхийн хэмжээнд нийгмийн өвчин болоод байх шиг. Үүнийг зогсоох арга байна уу?
-Үс халзрах явдал
түгээмэл болжээ. Харьцангүй залуужсан байна. Энэ нь ядрах, нойр хоолны дэглэм
алдагдах, агаарын бохирдол, олон цагаар компьютерийн ард суух, хөдөлгөөний дутагдал
гээд олон шалтгаантай. Олон цагаар хөдөлгөөнгүй суухаар хүний захын мэдрэлийн эсүүд үхжиж байдаг. Тэгэхээр үс уналт
ихэсдэг. Энгийнээр
хэлэх юм бол, байшингийн халаалт айл бүрт хүрч чадахгүй байна гэсэн үг. Дээрээс нь сүүлийн үед хүмүүс үсээ самнахаа байчихаж.
Энэ нь бодисын солилцоог сэргээж, идэвхижүүлж өгөхгүй байна
гэсэн үг. Өглөө оройдоо массажийн самаар тогтмол самнаж хэвших хэрэгтэй. Ингэхээр цусны эргэлт сайжирч, үсний өлгий болсон уутанцар шим тэжээл авах боломжтой болно.
Үс ургуулах нь манай салоны брэнд үйлчилгээ. Удмын халзралтаас бусад тохиолдолд бид халзралтыг зогсоож байгаа. Гэхдээ удамшлын байсан ч зөв үед нь зөв үйлчилгээгээ хийж чадвал халзардаггүй. Гений 30 орчим хувийг авч удамшдаг гэхээр заавал халзан байна гэсэн үг биш. Үсний уутанцар нь байгаад, дээр нь зөв эмчилгээгээ хийж чадвал үс ургах бүрэн боломжтой. Үсний уг уутанцартаа байрлаж, эрүүл бол нэг уутанцараас 3-4 үс гарч байдаг. Харин цаг тухайд нь эмчилгээ хийлгэлгүй, уутанцар нь битүүрчихвэл боломжгүй болчихдог.

-Танай шампунийн саван дээр Япон ханз байх юм. Бас “Японы Эрүүл мэндийн
яамны лицензтэй” гэсэн байх юм. Энэ ямар учиртай вэ?
-Японы Ивэматэ гэдэг
оюутан Монголд 1994, 1995 оны үед суралцаж байсан юм. Тэр оюутан залуу хүн хэдий ч
үс нь дээрээсээ халзраад эхэлчихсэн байсан. Монголд амьдарч байхдаа манай
“Халгай”-г хэрэглэдэг байсан юм билээ.
Гэтэл үс нь ургаад эхэлж. Ингээд тэр оюутан амралтаараа нутаг буцахдаа шүднийхээ эмч дээр очсон чинь үс нь
ургасан байхыг эмч нь анзаараад юу хэрэглэснийг нь асуусан гэсэн. Бас л үс халзрах зовлонтой хүн байж л
дээ. Эмчоюутанд манай
“Халгай”-г захиж, хэрэглэж үзтэл үс нь ургахаас гадна байнга ариутгалын бодис хэрэглэснээс үүдэлтэй гарных нь экзем бас эдгэсэн гэсэн. Энэ үр дүнгээс
болоод, нөгөө эмч маань манай бүтээгдэхүүнийг
шинжилгээнд өгч, тэр хоорондоо намайг урьж бид танилцаж байлаа. Гурван жилийн
судалгаа шинжилгээний үр дүнд 1998 онд манай “Халгай” бүтээгдэхүүн Японы эрүүл
мэндийн яамны лицензийг авсан. Ингэж л бид гадны зах зээлд гарах боломжтой болж
байлаа. Манай бүтээгдэхүүн бол Японы шалгуурт нийцэж лиценз авч байсан бараг
анхны монгол бүтээгдэхүүн дээ. Химийн үйлдвэрлэл маш их хөгжсөн, шинжлэх
ухаан технологийн өндөр хөгжилтэй газраас ийм үнэлэмж
авсан нь олон жилийн судалгаа, хөдөлмөрийн маань үр дүн гээд баяртай л явдаг
юм. Японы хувьд гаднаас бүтээгдэхүүн оруулахад татвар өндөр учраас бид сүүлийн
үед нийлүүлэлтээ зогсоогоод байсан. Харин одоо хоёр орны эдийн засгийн хамтран
ажиллах гэрээ батлагдсанаар бид дахин судалгаагаа хийж эхлээд явж байна. Ер нь манай Монголд халгайнаас гадна ганга,
үхрийн нүдний навч, чацаргана, чацарганын навч гээд
байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох олон сайхан түүхий эд байна. Үндсийг нь гэмтээхгүй, зүй зохистой авч хэрэглэж, байгалийн гаралтай гоо сайхан, эмийн,
хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл
монголчууд бидэнд их боломж байна гэж боддог. Газар
шороогоо ухаж, хөндөж ашиглалгүйгээр дээр нь ургадаг ургамлаа зүй зохистой
ашиглаж, өөрөөр хэлбэл нөхөгдөхгүй баялгаа бус нөхөгдөх баялгаа ашиглаад явахад
боломж байна. Монголчууд бид нийт шампунийхаа хэрэглээний 97
хувийг гаднаас авч байна. Ердөө 3 хувь нь үндэсний бүтээгдэхүүн гэсэн үг. Гэтэл
энэ
мэт боломжийг ашиглахад олон хүн анхаарч, хамтарч ажиллаасай гэж хүсдэг
дээ.
Э.ЭНЭРЭЛ






