Хилэнцийн ордонд төрсөн хүний төөрөг зурхай




Нийтлэг зан чанар

Хүмүүс хэн нэгний аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 22 -ны хооронд төрснийг мэдмэгцээ Базарваань, хилэнцэтийн ордод төрсөн юм байна шүү дээ, гэж дуу алдан түүнээс болгоомжилж дөлсхийх нь олонтаа тохиолддог. Хилэнцэт гэдэг үгийг сонсоод заримдаа айж сүрдэх хүндэтгэх ба хүүхнүүд эл хилэнцэт хорхойн тачаангуй аяг санаанд нь зурсхийн орж ирдэг. Хэдийгээр энэ бүхэн хилэнцтэнүүдэд улиг болсон зүйл боловч чухамдаа үнэн эсэхийг нь тодруулах хэрэгтэй юм.

Хилэнцтэнүүд нууцаа хадгалах дуртай гэвч тэднийг таних хэдэн шинж тэмдэг байдаг. Тэдний нүд онцгой ногоон цэнхэр хүрэн, хар ямар ч өнгөтэй байсан таныг шидийн гэмээр илбэдэн зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадна. Дуу хоолой нь намдуухан эелдэг эсвэл хатуу ширүүн цангинасан ч байж болно. Тэд өөрсдийгөө хэзээ ч шүүмжлэхгүй. Хилэнцтэн сайн муу талаа сайн мэднэ. Сайшаал магтаал хоёрын алийг нь ч үл тоомсорлоно.

Дэлхийн ван гаригаас заяат төрсөн энэ хүмүүс сайхан биетэй эрүүл чийрэг байдаг. Зүдэргээтэй ажил, бухимдал буюу аль нэг юмаа хэтрүүлснээс яггүй өвчин олж мэдэх авч тэдний хүсэл зориг агуу их учраас хурдан зуур илааршин тэнхэрч чадна. Тэдний гол төлөв хамар хоолой, нуруу, хөл нь ихэнхдээ спортын дасгалын үед өвдөнө. Тэд гал, цацраг тэсрэмтгий бодисоос сэргийлж явбаас зохилтой боловч чухамхүү эдгээрийг ихээхэн шохоорхдог болой. Энэ үг ялангуяа хүүхдүүдэд ихээхэн хамаатай учир юун түрүүнд тэднээс шүдэнзийг нуух хэрэгтэй. Тэд ямар нэг юмаараа хүмүүсийг өөртөө татдаг бөгөөд хүнд хэзээ ч үнэнч нөхөр хэвээр үлддэг. Тэд сайн юмыг мартдаггүй, мууг ч бас удаан санаж явдаг хүмүүс. Юунаас ч айдаггүй зоригтой. Хилэнцтэн цэргийн дарга бол хүүхдийн амь аврахын тулд шууд л гал руу давхин орж амиа золино.

Ер нь хилэнцтэнүүд эрэгтэй нь ч эмэгтэй нь ч биеийн зовиур гачигдал, дутагдал, инээдэм доог болохын алинаас ч айхгүй. Учир нь тэд өөрсдийнхөө авъяас, билэг, аливааг даван туулах чадварт онцгой итгэдэг юм.

Хилэнцтэнүүд цээжин дотор ньтүймэр асч байвч утааг нь хамраараа гаргахгүй байж чадна. Тэд цагдаа сэтгэл мэдрэлийн эмч сурвалжлагч байх нь олонтаа. Хэдийгээр хилэнцтэн мэс засалчдын ихэнхийг хатуу сэтгэлтэй гэж бодоцгоодог ч энэ дэлхийн хамгийн сайн эмч гэвэл тэд л байдаг.

Одоо хилэнцийн ордонд төрсөн удирдах ажилтны тухай өгүүлье. Тэдний гол шинж чанар гэвэл өөрийнхөө төлөвлөгөө, санаа зорилгоо нууцалж чадна, захирагдагч хүмүүсийнхээ хамаг нууцыг уудалж илчилнэ. Хэн нэг нь түүний хатуу шаардлагад тохироогүй буюу зөрчилдвөөс тэр хүн даруй халагдана.Хамт олны дотор ажиллаж чаддаг ажилтныг онцгой үнэлнэ. Сэтгэлдээ таардаг ажилтандаа их эелдэг таалалтай байдаг. Тийм удирдагч захирагдагч хүмүүсийнхээ ч өөрийнхөө ч сэтгэл хөдлөлийг үл тэвчинэ. Онцгой нөхцөлд тэрбээр уул ажлынхаа цаана гаран гартлаа маш их яардаг. Дэлхийн ван гаригт захирагддаг бүх удирдах хүн ер бусдын их зоригтой болохоор ямар ч бэрхшээлээс айдаггүй түүнийг даван туулна гэсэн хатуу итгэлтэй байдаг.

Танай ажлын газар хэн хамгийн самбаатай вэ? Хэн бусдаас илүү өөртөө итгэлтэй вэ? Хэн хамгаас хурц нүдтэй, тэсвэр тэвчээртэй вэ? Хэн хувийнхаа ажил явдлын тухай чалчих дургүй вэ? Хэн ирээдүйгээ тов тодорхой төлөвлөдөг вэ? Хэн бусаддаа ялимгүй айдас төрүүлдэг вэ? Танай хамт олон дунд тийм хүн бий бол тэр хүн хилэнцтэн гэдэгт итгэх болно.

Хилэнцтэн албан хаагч өөрийгөө ч хуурахгүй, бусдыг ч хуурахгүй өөрийнхөө алдааг хэн нэгэн рүү түлхэхгүй. Тэрбээр албан тушаалдаа амжилттай ахина. Ямар амжилт олж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Товчоор хэлэхэд өөгүй сайн ажилтан хүн. Хилэнцтэн онцгой ажил хэрэгч, бас удирдагч хүндээ үнэнч. Дарга нь ч ажил нь ч сэтгэлд нь таардаг бол тэрбээр цаг руугаа байн хараад байхгүй. Хэрэгтэй бол тэрбээр илүү цаг ч ажиллана. Ихэнхи удирдах ажилтан хилэнцтэн албан хаагчаа их үнэлж, саналыг нь хуваалцдаг. Одоо би хилэнцтэн эрчүүдийг шохоорхон буй эмэггэйчүүдэд бяцхан санамж хэлье.

Хэрэв эрэгтэй бол

Хилэнцтэнтэй гэр бүл болно гэдэг амаргүй хэрэг. Хэрэв та хилэнцтэнд яаж ч чадахгүй сэтгэлдээ алдчихсан тэгээд шунах хүсэл гэдэг уг танд ялимгүй айдас төрүүлж байвал тэр хүнээс зугатах нь зөв. Шунал гэдэг үгийг хэрэглэхдээ би зөвхөн дурлал тачаалыг бус улс төрийн бодлого, спорт, шашин амьдрал үхлийн аливаа асуудалд хэт их шунан сонирхохыг багтаан хэлж байгаа юм. Тэгээд ч тэдний наана өнгөнд харагдаж буй төлөв байдал тэсвэр тэвчээрт бүү хууртацгаа. Цаанаа бол тэд үргэлж гал дөл шиг дүрэлзэж шатаж байдаг болохоор тэр галд зөвхөн гар нүүрээ ч үл барам зүрх сэтгэлээ ч хуйхлаж мэднэ. Гэсэн ч гэзэгтэй бар гэмээр хүүхнүүд бол хилэнцтэний шунал хүслийг хазаарлан барьж чадна гэж найдаад түүнд сэтгэлээ өгч тэр ч байтугай гэр бүл болж ч болох юм. Тэгж гэмээ нь хилэнцтэнүүд тэднийг насан эцэс болтол нь халуун илчээр төөнөн явах болно. Хилэнцтэнүүд гол төлөв оюун ухааны хөгжил сайтай гүн ухаан орчлон ертөнцийн асуудлыг сонирхдог, гэхдээ хоол унд, ялангуяа хайр дурлалынхаа явдлыг ихдүүлэх нь олонтаа. Тэдний дунд хайр дурлалынхаа явдлыг шийдтэлээ хүүхэн хүнийг удаанаар элдвээр “тамлах" ч хүн бий, бас хүүхэн хүнээс эмээх удаанаар царайчлан гуйх хүн бий. Гэр бүлийн дотор “хилэнцтэн” танд хэн нь ноён гэдгийг дороо л ойлгуулна. 

Тэдэнд юу хийх яах тухай заах буюу сөргөлдөх тухай бодсоны ч хэрэггүй. Тэд ерөнхийдөө хатуу хүмүүс. Тийм болохоор ширүүн хэрүүлийнхээ үед цонхоор үсрэнэ гэж айлгахын хэрэггүй, юу гэвэл тэд "тэг тэг үсэр” гэж хэлнэ. Царай зүс хувцас хунарыг чинь магтана гэж бүү бод, яагаад гэвэл энэ талаар тэд дэндүү шулуухан. Тэр ч бүү хэл аль нэгэн согогоор чинь даажигнаж ч мэднэ. Хэдийгээр тийм таагүй тал байдаг ч гэсэн хэрэв та өөрөө өөр хэн нэгэнтэй сээтгэнэж хардах сэтгэлийн хар хорыг нь оргилуулчихгүй бол тэр эхнэртээ хангайн нуруу шиг түшиггэй гэж мэд. Тэр өөрөө тохиолдлын чанартай юманд автахгүй биеэ барьж чадна. Хэрэв хааяа өөрийнхөө чадварыг бусад хүүхнүүд дээр туршиж /зүгээр л мартчихгүйн тулд/ үзлээ ч гэсэн өөрийнхөө эхнэрт үнэнч хэвээр үлддэг. Товчоор хэлэхэд унаж бяцрахаас айхгүй зориг зүрхтэй хүүхэн л бүргэдтэй хамт нисье гэж шийднэ.

Хэрэв эмэгтэй бол

Хилэнцтэн эмэгтэй дур булаам үзэсгэлэнтэй бардам зантай өөртөө бүрэн дүүрэн итгэдэг. Ямар нэг юманд үнэхээр гонсойж гэмээ нь эр хүн болж төрөөгүйдээ л гомдоно. Энэ бол хилэнцтэн бүсгүй хүний намбагүй гэсэн үг биш харин ч эелдэг зөөлөн зан нь түүний олон зэвсгийн нэг нь. Тэр ч байтугай зарим хилэнцтэн хүүхэн зөөлөн сахлаг үстэй муурын зулзагатай тун төстэй. Харин ойр дотно танилцаад ирэхээрээ та яггүй хурц, хумстайгий нь мэдэж авна, Тэд жинсэн өмд кроссовка, ер нь юу өмссөн байсан толгой эргүүлэхээр л харагдана. Та хэрвээ гүнзгий юм бодоогүй бол хилэнцтэнг дэмий нэг эргүүлж цагаа үрсний хэрэггүй, яагаад гэвэл цаадах чинь таныг гэрэлд харах мэт нэвт шувт харж байгаа.

Хэрэв нэгэнт торонд орсон бол тэсэх л хэрэгтэй учир юу гэвэл та түүнтэй гэр бүлийн амьдралын нэлээд их шуурга сөрөх болно. Түүнд өөрийг нь аваад явж чадахуйц нөхрөөрөө бахархаж болохуйц амьдралын хань хэрэгтэй. Тийм хүүхнүүд цэргийн албан хаагчид усан цэрэг, ялангуяа улс төрийн зүтгэлтнүүдэд онцгой сайн эхнэр болдог. Тэд ухаантай чадалтай хүмүүст хэзээ ч дуртай, чадал муутай хүнийг үл тоомсорлодог.

Тийм эхнэрүүд гэр дотроо нөхөртөө яаж ч ханддаг байлаа гэсэн олны дунд бол хэзээ ч нөхрийнхөө төлөө уул мэт бат зогсоно. Арав аравнэгдүгээр сард төрсөн хүүхнүүд гэртээ их тохьтой байх дуртай, тэдний гэр орон цэвэр- цэмцгэр тавилга, эд хогшлоо зөв байрлуулсан байдаг. Их цэвэрлэгээ хийх маш дуртай. Өнцөг булан бүрийг ухаж төнхөж угааж цэвэрлэж явахад нь нөхрөө хардах шалтгаан болох ямар нэгэн юмтай тааралдахгүй л байх болтугай. Эс тэгвээс тэдний хардамхай зан хонзорхог сэтгэлтэйгээ адилхан хэмжээ хязгаарыг үл мэднэ. Та ажилдаа явахдаа эхнэрийнхээ хацар дээр нь үнсэхээ мартсан бол эхнэр чинь таныг унтахаар ор руугаа явахад чинь үнсэхээ наад зах нь бүтэн сар мартаж чадна.

Хилэнцийн ордонд төрсөн хүүхнүүд шунах хүсэл ихтэй гэж эрчүүд бишгүй л нэг сонссон байх. Тэр ч үнэхээр тийм, гэхдээ шунал хүсэл гэдэг үгийг зөвхөн эр эмийн үүлэн борооны явдалд хамааруулж ойлгох хэрэггүй Хилэнцтэн эмэгтэй урлаг, шашин шинжлэх ухааныг улайран сонирхож болно. Гэхдээ тэр сонирхол нь хэнэггүй байдалд нь халхлагдан нуугдсан байдаг. Тийм хүүхэн амьдралд их хайртай ахуй амьдралын шуурган дунд тайван байдлаа хадгалж нөхөртөө найдвартай түшиг болж чадна. Тэд ялимгүй халгаатай гэвч түүнтэй хамт байхад уйдахгүй гэж хэлж болно.

Хүүхдүүддээ нэлээд ширүүн ханддаг хилэнцтэн эцгийг бодвол хилэнцтэн эх доторх хайраа ил гаргах дургүй ч хүүхдүүддээ үргэлж эелдэг үнэнч. Үүний нь ч хүүхдүүд НЬ мэдэрч байдаг. Тийм ээж хүүхдийнхээ авъяасыг талаар өнгөрүүлэхгүй их үйлсийн төлөө тэмүүллийг нь ямагт зүйл бүрээр сайшаан дэмжинэ. Хүүхдүүд нь өсч өндийгөөд ирэхэд тэрбээр өөрөө амьдралыг гүнзгий сайн мэддэг хүнийг таньж чаддаг болохоор сайн зөвлөгч болно.

Хүүхэд ахуй цагтаа

Залуу аав, ээж хоёр саяхан мэндэлсэн “хилэнцтэнээ” хармагц ямар аятайхан чийрэг амгалан амьтан бэ гэж гайхах баярлах ээрэгцэнэ. Гэвч дүгнэлт хийхээ яарах хэрэггүй. Тэд юм олж хардаг болонгуутаа л өөрийнхөө элдэв аашийг гүйцэлдүүлэх гэж эхийгээ илбэдэж хүсэл зоригоо тулган хүлээлгэхийг оролдоно. Ингүүлж л яавч болохгүй. Бүр эхнээсээ л түүнд гэрийн дотор хэн нь захирагч байх ёстойг та эх нь энэ гэр таных болохоор тэр л таны дэг журам шаардлагад захирагдах ёстойг ойлгуулаарай. Залуу хилэнцтэнийг хүмүүжүүлэхэд хатуу чанга сахилга батаас гадна маш  их хайр халамж хэрэгтэй. Учир нь тэд хайр халамжийг их үгүйлдэг улс.

Бяцхан хилэнцтэнүүд аюултай зодоочид байдаг бөгөөд чадал муутайханыгаа үл тоомсорлоно. Бас хонзон санамхай. Өс хонзон өвөрлөх нь өөрт нь хортойг тэдэнд сайн итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй.

Тэдний олон сайн чанарын нэг гайхамшигтай нь юу вэ гэвэл өвчинд гаргууд тэсвэртэй. Жишээ нь: тэдний хэн нэг нь хөлөө эсгэчихээд мэдээ алдуулалгүйгээр оёдол тавиулах болж гэмээ нь ган хийхгүй оёулчихна.

Хилэнцэтийн ордонд төрсөн охид хөвгүүд хар багаасаа уншиж сурч сургуульд ороод онолын ямарч хичээлд толгой өвдөхгүй. Гэсэн ч тэднийг дэг журамд сургахын тулд торлогдох нь зөв үү? Эсвэл ангийн идэвхтнээр сонгох нь зүйтэй юу аль нь дээр вэ? гэдэг дээр сурган хүмүүжүүлэгчид их тээнэгэлздэг. Сүүлийнх нь арай дээр байх.

Хилэнцтэн жаалууд аймшигтай кино, шинжлэх ухааны уран зөгнөл буг чөтгөрийн тухай өгүүллэгт их дуртай. Тэд яагаа ч үгүй л сээтэгнэж эхэлдэг. Иймд тэдэнд тэр,

дэврүүн явдлынхаа төлөө хариуцлага хүлээх ёстойг итгүүлж үнэмшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд нас бие гүйцээд ирэхээрээ бүсгүйчүүдэд их зовлон учруулж мэднэ. Бүх хилэнцтэн ураг төрлийн барилдлагааг онцгой хүндэтгэн үздэг тул ингэх нь цааш цаашдаа их хэрэгтэй. Арван сарын сүүлийн нэгэн сард төрсөн хүүхдийн зан чанарт олон сайн юм бий, тэд зорилгодоо хүрэхийн төлөө их шаргуу тэмцдэг. Иймд одоохондоо таны тусламж хэрэгтэй байгаа дээр нь цагийг нь олж тэднийг зөв замаар даруй залж дэмжих нь онц чухал. Дэлхий ван гариг түүнд зориг хүч төгөлдөр ухаан заяасан болохоор эцэг эхчүүд л өөрийнхөө үлгэр жишээгээр хамгийн гол юманд хэрхэн бусдыг хайрлаж бусдад хайрлагдахыг зааж сургаж чадна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.