Өнөөөдөр дэлхийн яруу найргийн өдөр
1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан.Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.
Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг үе үеийн яруу найрагчиддаа болон яруу найраг сонирхогч бүх хүмүүстээ хүргэе! Уншигч бүсгүйчүүддээ зориулан эмэгтэй хүнийг магтан дуулсан яруу найргуудаас хүргэж байна.

Б.Лхагвасүрэн - Чамаараа би зөндөө гоёсон
Харчуулын нүдэн дундуур туучиж
Халуун залуу үзэсгэлэнтэй охин чамайг
Хань минь болооч гэж гуйж
Хайрын зовлонгоор гоёсон
Чанад холын мөрөөдлөөр зүрхээ бялууруулж
Чамайгаа олсондоо нар өвөртлөн гялайж
Чандага дэгдэх шиг мэлс мэлс санаа алдан
Чамайгаа би холоос үхтэлээ санаж
Санахын жаргалаар гоёсон
Балга балга инэээдэнд чинь согтож
Балтай урууланд чинь зөгий шиг шигдэж
Хасын саран үүлэнд бүдэчсэн шөнөөр
Харц харцаа шатаан байж гэгээ татуулж
Чамаараа би зөндөө гоёсон
Галын ээлэнд алтан ургыг уяж
Газрын заяанд аралт тооныг өргөж
Бадамын цэцэг мэт сүүт ижий чамаар
Бавуугийн ганц хүү өөрийгөө
Ес болгож гоёсон
Yйрэн үйрэн тэмтэрч
Yнэний чулуу дэрлэхдээ
Yйлийн үргүй сайн ханьтай хорвоог туулснаа
Yхэлд хүртэл гайхуулж
Чамаараа би гоёно...
Ц.Бавуудорж - Аниргүйн эгшиг
Анир гүмхэн үдшийн нялх нахиаг тэмтэрч
Аяс үесхэн борооны болор дуслууд нисэлдэнэ
Шанх задгайлах чиний туяхан хурууны завсраар
Шаргалхан сарны алтлаг туяа урсана
Тэрлэгний чинь хормой дээр өнчин зоргол мэт хэвтээд
Тэнгэрт ямар од нисэхийг чиний нүдэнд үзмээр байна
Хүүхэд зангаа ганцхан л агшинд сарниах бол
Хөлөрсөн алгаараа би бэлхүүсэнд чинь хүрмээр байна
Харуй бүрийд нэг тэрлэг дээр зэрэгцэн суугаад
Ханхөхий уулын согоо өвс хазлахыг үзмээр байна
Урт цагаан шөнө гэзгийг чинь дэрлэн шүлэг уншиж
Уруул дээр минь чиний уруул аяархан хүрэхийг нэг анзаармаар байна
Цэцэг таслан хуруундаа имэрч чулуун дээр би удаан суулаа
Чиний өлмий шүргэсэн цагаан өвснөөс бусад нь л зовлон ажаам
Алган дээр чинь алгаа тавиад ад биш гоо үзэсгэлэнгээс чинь хагацмуй
Аниргүйд зовхин дээр чинь тунарах алтан дусалд зайгаа орхиё доо
Харцуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн
Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн
Хан уул шиг ноён нуруугий нь түшиж
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дар эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас,
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!

Ш.Дулмаа - Бүсгүй
Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн
Хорвоо дэлхийн цээжинд үнэнийг дуулах эгшиг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас.
Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол
Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ
Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол
Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ
Эргэх хорвоод хүн болж төрөхдөө
Эхийн бүүвэйг анх сонссон үрс
Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ
Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу
Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг
Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч
Төр улсдаа өргөх үйлс нь ариун
Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг-
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн Дар эх
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас
Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч Уясах
Мэлмэрэн дуслах нулимсанд нь “галзуу” барс ч уярах
Байгаль эхээс заяатай гоо тансгийн охь,
Баяр жаргалаас уяатай гоё сайхны од,
Бүсгүй хүн-хорвоо дэлхийн уянга
Бөхөшгүй амьдрал хайрлах хоёр “туйлын” нэг.
Монгол бүсгүй Р.Чойном
Зүтгэн зүтгэн тэмүүлж яваа
Зүг нийлсэн алаг морьд шиг
Гантай залуу насны минь
Солонгын долоон өнгө чи хаана байна
Гантөмөр шиг сэтгэлийн минь
Соронзон гүүр чи хаана байна
Мөрөөдөх насны минь
Мөнгөн сарнай чи хаана байна
Мөсөөр шаргих амьдралын
Мөнхийн зул чи хаана байна
Гүнзгий мөрөн шиг амьдралийн гүүр болсон алдрай минь
Хүн хэмээх алдарын Нүүр болсон амраг минь ээ
Хүүхэн хэмээх нэрийн турихан бүхнийг агуулж
Түүхт монгол орны тулгыг түшсэн эхчүүд минь ээ
Мойл жимсний ширхэг шиг тормолзонхон нүдтэй
Морин цэргийн сэлэм шиг туялзанхан нуруутай
Монгол бүсгүй таныхаа гэрэл сүүдрийг тодорууласхийж
Монгол яруу найрагч гэгэлзэн байж дуулахуудаа
Хүний хайрыг анхан амссан
Хөвгүүн зүрхний товшолт гэмээр
Хүслэн хосолж болзоонд урисан
Хөөрхий нэгний тогшилт гэмээр
Яаруухан бөгөөд эрчимтэй чимээ хэцийн цаанаас тодорч
Яруухан бөгөөд өргөлттэй айзам хээрийн пянзанд бичигдэж байнам
Тэнгэр газрын савсалга нийлэх
Тэртээ цэнхэр гүвээний цаанаас
Тэнгис далайн долгион хавах
Тийм л гүн харанхуй гэмээр
Нэргүй усгүй толгодыг даваад
Нэг морьтон тодроод ирлээ
Өнгийн цэцэгтэй ногоон хөндийг
Омоглон морьтон тоосоор шугамдлаа
Багваахай цэцгийн өдөн малгайг
Багц багцаар үргээн хийсгэж
Харж зогссон миний нүдийг
Халиун салхиар алгадан өнгөрлөө
Хээрийн тоос мориний хөлс
Хээнцэр хувцасны үнэртэн ус
Хэсэгхэн зуур хан хийгээд
Хэдэн гүвээ даваад одвоо
Навчин чихтэй суман хүлэгийн
Нарийн суран жолоог түшэн
Насан залуу монгол бүсгүй
Надад гайхуулаж ийнхүү өнгөрлөө
Хэмнэл нарийн давхиат мориний
Хэрлэнгийн хар ус шиг сайхан нүд
Духны хөхөл нарийн халз
Дунгийн ам шиг хамрын нүх
Зангиран товойх овгор булчин
Загасны хайрс шиг гялтганах зүс
Сэрвээнд зуралдах гурван хавирга
Сүүлнийнэ хийсэлт тодороод өнгөрвөө
Сайхан хүлэгийг санаагаараа захирч
Саран даруулгыг гэзгэндээ шигтгэж
Саарал эсгий малгай духтуулаж
Салхин дарцаг шиг бүсгүйн
Холцоруутанхан бор нүүр
Холбирон бултах хар нүд
Хотгор нуруу гүдгэр цээж
Хоромхон зуур харагдаад өнгөрлөө
Сайн мориний ширүүн давхилтаас
Сайрийн чулуу зүлгэн дээр шидэгдэн
Сайхан бүсгүйн ширүүн харцнаас
Шүлэгийн тоос зүрхэн дээр шингэнэ
Хүний сайханыг олж төрөөд
Хүслийн сайханыг дээжэлж өсөөд
Мориний сайнийг унах заяатай
Монгол бүсгүй гэдэг
Тив дэлхийн жаргал хуваалцаад
Тэгш таван хүсэлэн хэмээх
Талын дунд ингээд учирхад
Талх таван тэнгэр гэмээр
Хүний газар нутагаа санахад
Хүсэлийн таван судас гэмээр
Хүүгээн тэврээд бүүвэйлж суух нь
Хөгжимийн таван утас гэмээр
Эмээлийн дөрөө дархалж өссөн
Эрийн сэтгэлийг уяруулдаг байнам
Өсөхийн цагт чихэр шиг үгийг
Өтөлхийн цагт таяг шиг үгийг
Өлсөхийн цагт хоол шиг үгийг
Өвдөхийн цагт эм шиг үгийг
Алс явхад унаа шиг үгийг
Айхийн цагт зэвсэг шиг үгийг
Ядархын цагт янчаан шиг үгийг
Ямбалахын цагт тэрэг шиг үгийг
Дээл олдоход хөнжил болох үгийг
Энэ ганц насанд минь ээж аав хэлдэг юм байна
Эр ганц биенд минь эхнэр хүн хэлдэг юм байна
Хүндтэй чадалтай монгол бүсгүйн
Хүчтэй атлаа уяхан цогцос
Хүлэг мориний онгон зоон дээр
Хүнийг хайрлаж тэрнийг төрүүлнэм
Шулуун бус адармаатай түүхийн
Чулуун хуудасууд эргэж байхад
Халуун тэмцэлийн тоосон дунд
Бүлээн цус асгарч байхад
Морин цэргийн сэтэрсэн эгнээг
Монгол бүсгүй нөхөж явсан юм
Хайртийгаа тэвэрдэг уяхан гараараа
Хаттай сэлэм атгаж явсан юм
Хар хилин гэзгээ шууж
Хаж мөнгөн дуулгаар даруулж
Найр наадамын гоёлын дурданд
Нарийн гялтан хуяг тааруулж
Саалийн хувин баридаг гартаа
Саран дугуй бамбай атгаж
Эсгэрээд ирэх гэлбэрт сумыг
Эрмэгч үгүй сөрж явсан юм
Ахуй энэ монгол орныхоо
Ариун тэмцэлийг хүүгээрээ хэмжсэн
Аугаа их маргаашын төлөө
Амгалан тайванийг сүүгээрээ дэмжсэн
Манай сайхан монгол бүсгүйд
Хүний сайхан цөм бүрдэсэн юм
Даруу сайхан зан чанарт нь
Яруу сайхан увьдас шингэсэн
Дээдийн зэрэгтэй сайн явая гэвэл
Дэлхий дахиний эрдэмийг сур
Элгэн хайртай монгол эрчүүдээ
Энхрийлэн хайрлан хүндэлж яваарай

Ц.Хулан Би-Цагаан дарь эх
Нямсүрэн Цагаан Шүхэрт болсон
Наранцацралт Сандуйн жүд болсон
Намуухнаар хожмоо би
Цагаан Дарь Эх болноо!
Шүүдрээр нэрсийм шиг тунгалагхан гэж хорвоог би санасийм
Шүлгээр бус өөрөөр ярьдагтай нь хэл амаа олсонгүй
Бүгдийн түрүүнд ээж минь л өрөвдөж сэм уйлаад болохгүй нь
Бүсгүй амьтныг ачилдаг
Цагаан Дарь Эх болноо
Хоосрошгүй танан бумбанаасаа цутгаж
Хонгор ижий үрс үрсээ цэцэг шиг ургуулдаг байтал
Хонгор ижийн тэнцүүхэн ургуулсан тэр цэцгүүд
Хотлоороо яагаад нэгэн зүгт найгадаггүй юм гэж гайхахдаа би
Цагаан Дарь Эх болноо
Арван наймтын идэр цогцоо жийнсрэгийн элс шиг нурааж
Алс ойртоо одох харгуй, чулуу бүхэн дээр цацаж зулсныг,
Алмай үр биднийхээ эндүүрэл эндүүрлийн шанд
Алдаршингуй хар гэзгээ мөнгөөр цувиж бурханд өр төлснийг
Анзаарсандаа би
Цагаан Дарь Эх болноо
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







