Эмэгтэй хүний дур булаам төрхийг бэлгэддэг Сакура цэцэг

Сакура цэцэглэх үеэр Япон улс нь яг л үлгэрийн мэт орон болж хувирна. Энэхүү анхилуун үнэрт гайхамшигт цэцэг нь яг л далайн давалгаа мэт жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээр нутгийн өмнөд хэсгийн Кюсю мужаас эхлэн цэцэглэж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд Токио хотоор дамжин тавдугаар сар гэхэд Хоккайдо аралд цэцэглэн дуусдаг байна.


Энэ цэцэгт мод нь 300 гаруй төрөлтэй. Үүнээс Токио хотын төвд орших “Синдзюкугёэн” цэцэрлэгт хүрээлэнд 75 төрлийн 1500 гаруй сакура модыг тарьж, ургуулдаг байна. Мөн  тавдугаар сард цэцгийн улирлыг угтан “Ханами” хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Ирж яваа урин цагийн амьсгааг мэдрэн, хамаг муу муухай бүхнээ дөнгөж дэлбээлсэн гоёмсог цэцгийн өмнө мартаж орхисон хүмүүс хаврын энэхүү баярыг тэмдэглэн зугаалцгаана. Япончуудын үндэсний бэлгэдэл болсон энэ цэцгийнхээ дэлбээлсэн хэд хоногт хэзээ хэзээнээс илүү өөдрөг, өөртөө итгэлтэй, бас баяр хөөртэй байдаг.



Сакура харсан хүн залуужсан мэт болдог хэмээн тэд ярих дуртай. Турьхан дэлбээг нь хаврын салхинд хийсч, гоё сайхныг нь мэдрэх гэж хүмүүс ажил албаа хойш тавьдаг байна. Бүтэн жил хүлээсэн цэцгээ дэлбээлэхэд дэлгүүр хоршоогоо хааж, ажлаа хойшлуулж, хоол ундаа базааж аваад сакурагийн модны дэргэд бүтэн өдрийг өнгөрөөнө. Гайхамшигт цэцгийг харангаа амрах нь яг л диваажин гэсэн үг. Мөн дуулж, хуурдан бүжиглэнэ. Чив чимээгүй, нам гүмхэн орчинд сакура харахыг хүссэн хүмүүс өглөө үүрээр гэрээсээ гарна. Дүүрэн цэцэгтэй модны дэргэд өглөөний анир чимээгүйд сэтгэлийн үгээ зориг гарган хэлэхээр хүлээх залуус олон. Богино настай ч энэ цэцэг үүрд мөнх, үнэнч шударгыг зөгнөдөг. Харин сүүлийн жилүүдэд сакураг дэлхий дахинаа эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн үзэх болжээ. Тиймээс өнөөдөр дэлхийн аль ч улсад сакура цэцэглэхийг харж болно.



-Бүсгүй хүний гоо үзэсгэлэн энэ цэцгэнд шингэсэн гэж үздэг. Сакураг тэмдэглэх япон ханз үсгэг чимэг зүүлтээ зүүсэн бүсгүй хүнийг дүрсэлсэн гэдэг. Хэдийгээр зарим эх сурвалж сакураг эзэн хааны гэр бүлийн бэлгэдэл маягаар тайлбарладаг ч япон хүмүүсийн гоо сайхны мэдрэмжийн илэрхийлэл хэмээх нь элбэг аж. Хавар ирснийг зарлан сакура дэлбээгээ нээнэ. Тиймээс энэ бол хаврын цэцэг. Хятадууд сакурагаар мөн л эмэгтэй хүний үзэсгэлэн төгс байдал, дур булаам төрхийг бэлгэддэг. Ургамал модод хайрын тухай энэ цэцгээр дамжуулан өгүүлдэг хэмээн тэд үздэг байна.



-Уяхан туяхан, өнгө ялдам энэ цэцэг бас дайчин самурайн эр зоригийг бэлгэднэ. Цэцэг цэцгийн дээд сакуратай адил эрчүүдийн сор нь самурай. Самурай хаврын энэ цэцэг шиг агшин зуурын амьдрал, богинохон настай. Эзнийхээ, илдийн урлагийн багшиийнхаа төлөө өөрийхөө амьдралыг золиослоход тэд хэзээд бэлэн байдаг. Орь залуу насандаа амиа алдсан самурайн дурсгалыг хүндэтгэн сакура дэлбээлдэг гэх эртний япончуудын домог  байдаг ажээ.

flower.mn


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.