Мөөгөнцөрийн шалтгаант үтрээний үрэвсэл
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог эмгэг ба үтрээнээс ээдэмцэрхэг ялгадас гарах, гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах шинжээр илэрдэг.
Цэвэршилтийн дараах үе болон охидод ховор тохиолдоно.
Ямар шинж илрэх вэ?
- Гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч хэсгээр загатнах
- Шээх үед өвдөх, хорсох
- Бэлгийн харьцааны үед өвдөх
- Үтрээний үүдэвч хэсэг улайх, хавагнах
- Зарим эмэгтэйд үтрээнээс ялгадас гарах шинж тэр бүр ажиглагдахгүй байж болох ба усархаг ялгадас гарах нь ч бий

Ямар шалтгаанаас болж үүсэх вэ?
Мөөгөнцөр хэмээн нэрлэгдэх бичил биет нь хэвийн үед ходоод гэдэсний зам, үтрээнд бага хэмжээгээр, идэвхгүй хэлбэрээр байж болох ба ямар нэг эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр өсч олшрон, үрэвсэл үүсгэж эхэлдэг.
Доорх хэд хэдэн эрсдэлт хүчин зүйлс нөлөөлж болно. Үүнд:
- Антибиотик эмчилгээ – Эрүүл хүний ходоод гэдэсний зам, үтрээнд байх хэвийн бичил биетнүүд антибиотик эмчилгээ хийлгэж буй үед багассанаас мөөгөнцрийн үрэвсэл үүсч болно
- Жирэмслэхээс хамгаалах дааврын бэлдмэл хэрэглэх (эм, тариа, суулгац гэх мэт) – Дааврын бэлдмэлийн нөлөөгөөр үтрээний хэвийн орчин өөрчлөгдөх магадлалтай байдаг.
- Умайн хөндийн ерөндөг, спермицид
- Биеийн ерөнхий эсэргүүцэл дархлаа сул эсвэл ХДХВ/ДОХ халдвар, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх (стероид, хими эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгасны дараах эмчилгээ гэх мэт)
- Жирэмслэлт – Үтрээний хэвийн орчин өөрчлөгдсөнөөс жирэмсэн үед мөөгөнцрийн үрэвсэл элбэг тохиолддог.
- Чихрийн шижин – Цусан дахь саахарын хэмжээ байнга их байх
- Бэлгийн харьцаа – Мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэл нь бэлгийн замаар дамжих халдвар биш ба заримдаа бэлгийн харьцаанд огт ороогүй охидод хүртэл тохиолдох нь бий. Гэхдээ бэлгийн идэвхтэй харьцаанд байдаг эмэгтэйчүүдэд элбэг байдаг.
Нийт эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэлээр өвдсөн байдаг.
Хэрхэн оношлогдох вэ?
Хэрэв танд дээрх шинж илэрсэн бол та эмчид хандаарай. Эмч танд эмэгтэйчүүдийн үзлэг хийн, үтрээний арчдасын шинжилгээ авах болно. Эмчид үзүүлэхээс өмнө дур мэдэн эм, тариа хэрэглэхгүй байхыг танд зөвлөж байна.
Эмчилгээ
Үтрээгээр хэрэглэх бэлдмэл – Эмчийн зөвлөсний дагуу үтрээгээр тосон түрхэц, лаа хэрэглэдэг.
Ууж хэрэглэх бэлдмэл – Ихэнх эмэгтэйчүүдэд мөөгөнцрийн эсрэг эмийн бэлдмэл нэг удаа хэрэглэхэд хангалттай байдаг. Архаг болон байнгын дахилтат хэлбэрийн үрэвсэлтэй үед эмч танд нэгээс олон удаагийн тунг зөвлөнө. Мөөгөнцрийн эсрэг эмийн гаж нөлөө нь:
- Ходоод өвдөх
- Толгой өвдөх
- Биеэр тууралт гарах гэх мэт бага зэрэг зовиур илэрч болно.
Мөөгөнцрийн эсрэг эмийг жирэмсний эхний 3 сартайд хэрэглэж болохгүй.
Эмчилгээ эхэлснээс хойш 1-2 өдрийн дараа таны зовиур намдах болно. Гэхдээ заримдаа эмчилгээний үед, эмчилгээ дууссаны дараа ч бага зэрэг хорсох загатнах зовиур үргэлжилж болохыг анхаараарай. Жирэмсэн үед эмчилгээг илүү удаан хугацаагар үргэлжлүүлэх тохиолдол бий.

Эмчилгээг нөхөр болон бэлгийн хамтрагчийн хамт хийх үү?
Үгүй. Мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэл нь бэлгийн замаар дамжих халдвар биш тул эмчилгээг зөвхөн эмэгтэй та хийлгэх хэрэгтэй.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Ямар нэг өвөрмөц урьдчилан сэргийлэлт байхгүй ч дараах тохиолдлуудад мөөгөнцрийн үрэвсэл дахих эрсдэл өндөртэйг анхаарах хэрэгтэй.
- Чихрийн шижин – Цусан дахь саахарын хэмжээг хэвийн түвшинд байлгах нь мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх нөхцөл болдог
- Антибиотик эмчилгээ: Эмчийн заавраар антибиотик хэрэглэх шаардлагатай ба зайлшгүй хэрэглэх үед антибиотик эмчилгээний эхэн болон төгсгөлд мөөгөнцрийн эсрэг эмийг уух хэрэгтэй.
- Биеийн эсэргүүцэл, дархлаа сулрах
- Жирэмслэхээс хамгаалах аргуудын талаар эмчтэйгээ зөвлөлдөх
Та мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэлээр давтан өвддөг бол:
- Хэт бариу өмд, жинс өмсөхгүй байх
- Цэвэр хөвөн даавуун дотуур хувцас өмсөх
- Дотуур хувцсыг угаахдаа хэт их саван, угаалгын нунтаг хэрэглэхээс зайлсхийх
- Үтрээ, гадна бэлэг эрхтнийг угаахдаа үнэртүүлэгчтэй бүтээгдхүүн, зориулалтын бус саван хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Эмчилгээнд үр дүнгүй байх тохиолдол бий юу?
Хэрэв мөөгөнцрийн эсрэг эмчилгээ эхэлснээс хойш 7 хоногийн дараа танд илрэх зовиур намдахгүй бол та эмчдээ хандаарай. Энэ нь дараах шалтгаантай байж болно.
- Мөөгөнцрөөс гадна өөр төрлийн халдвар хавсарч тохиолдох
- Ховор тохиолдох өөр төрлийн мөөгөнцрийн үүсгэгчээр үүсгэгдсэн байх
- Та эм, түрхэц, үтрээний лааг буруу эсвэл дутуу хэрэглэх
- Мөөгөнцрийн шинэ халдвар дахин үүсч байх (Энэ нь ихэвчлэн антибиотик эмчилгээ хийлгэж буй үед тохиолдоно)
Заавал эмчид хандахгүйгээр өөрөө эмчилж болох уу?
Зарим тохиолдолд болно. Өмнө нь мөөгөнцрийн шалтгаант үтрээний үрэвсэлээр өвдөж байсан ихэнх эмэгтэйчүүд үтрээнээс ялгадас гарах, загатнах шинж илрэх үед мөөгөнцөр дахин сэдэрч байгааг мэддэг. Жоргүйгээр олгогддог мөөгөнцрийн эсрэг лаа, түрхэцийг хэрэглэж болно.
Гэхдээ дараах тохиолдолд та заавал эмчид хандах хэрэгтэй.
- Таны нас 16-аас доош, 60-аас дээш байх
- Хэрэв та жирэмсэн бол
- Таны үтрээнээс цусархаг ялгадас гарсан бол
- Хэвлийн доод хэсгээр өвдөр зовиуртай бол
- 6 сарын дотор 2 ба түүнээс дээш удаа мөөгөнцрийн үрэвслийн шинж илрэх
- Өмнө нь бэлгийн замаар дамжих халдвараар өвдөж байсан бол
- Өмнөх эмчилгээнд үр дүн муутаы байсан бол
- Удаан хугацаагаар өөр төрлийн эмчилгээ, химийн тариа хийлгэж буй бол
Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Х.Батнасан







