Надаас үргэлжилсэн анхны хайрууд

Хэнд ч хамаагүй жаргалтай байгаагаа хэлмээр, ээжийнхээ энгэрт мэгшмээр тэр цаг хугацаа ард үлджээ. Хайр намайг анхны гэсэн юм болгонтой минь учруулсан. Хэдэн цагаар ч хамаагүй орцонд чамтайгаа зогсож байхдаа ороод ээждээ загнуулахаа мэдсээр байж чамаас салахыг би үл хүснэ. Эргээд бодоход тэр их хугацаанд юу ярилцаж байсан нь гол биш харин хамтдаа л байх нь хамгийн сайхан байжээ. Ээжийхээ зэмлэлийг төвөгшөөн, намайг ойлгохгүй юм гэж гоморхон бодсон минь одоо бодоход эндүүрэл байжээ. Ээж минь намайг ойлгохын дээдээр ойлгож байсан ч, хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсныг надтай учирсан дараагийн хайраас би мэдэрсэн юм.

Энэ бол миний хүүгийн анхны хайр. Хэнгэнэтэл санаа алдан аль эсвэл учир нь ойлгогдохгүй баясан хөөрч, гэрийн бараа харахгүй өдөржин алга болж, гэртээ байсан ч гэрийнхэндээ анхаарал хандуулахгүй, боломж л гарвал утастайгаа “ноцолдож” байгаа нь хүү минь анхны хайртайгаа учирсныг илтгэнэ. Хүүгээ ойлгож байгаа хэрнээ л ээж минь надад үглэж байсан шиг хүүдээ үглэн, үл тасрах энэ анхны хайрын тухай олон зүйлийг бодлоо. Хүүгийн минь анхны хайр надад баяр баясалаас илүүтэйгээр ухаарал бодлогоширол эрэгцүүлэл дагуулж ирсэн. Уулзахаараа л элдвийг ярьдаг найз хүүхнүүд минь энэ хайрын тухай эгээ л өөрт нь тохиолдож байгаагүй мэт халаглана. Бага хүүхдүүд минь насаар жаахан ч нэг л мэдэхэд намайг дахиад хоёр ч анхны хайрын мэдрэмжтэй уулзуулах нь мэдээж. Хайр мөнх үргэлжилнэ, надаас эхэлсэн анхны хайрын тэр л мэдрэмжүүд үр хүүхдүүдээр минь дамжин дараа дараагийн учирлаа дагуулсаар байна...







