АЧЛАЛТ ААВДАА
...Бид их азтай хүүхдүүд. Дэндүү, дэндүү сайхан аав, ээжээс төрсөндөө азтай. Бидний аав их ухаан, их зовлон, их тэмцлийн дунд төрж, өсч, амьдарч яваа тийм л нэгэн монгол эр хүн. Аавыг маань Дамбийн Уртнасан гэдэг. Хурдан шалмаг хөдөлгөөн, хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг шулуун шудрага зан, , хэнийг ч ялгалгүй харьцах, гүндүүгүй тайван араншин, ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг төрөлхийн хичээнгүй чанар гээд л тоочоод байвал олон сайхан зан, хүнлэг чанар аавд минь бий... Гадаад төрхийг нь дүрслэн хэлбэл цайвар шаргал арьс, өндөрдүү том хамар, долгионтой хар үс, дунд зэргийн нуруутай оросдуу маягийн төрх сэтгэлд бууна. Аав залуудаа том хар сээгий малгай өмсчихсөн юм шиг өтгөн хар үстэй байсан гэсэн. Аавынхаа залуугийн зургийг харахаар их л царайлаг эр байсан нь харагддаг.
Бидний аав ижил гурван охиныгоо, эн чацуухан гурван хүүгээ, хэнээс ч, юугаар ч дутаалгүй өсгөсөн.
Хатуудаа хатуу, зөөлөндөө дэндүү зөөлөн аав. Аав маань биднийгээ хүн байхын ухаанаар хүмүүжүүлж, хүчирхэг амьдрахын урмаар зоригжуулж өсгөсөн. Аавыгаа алдар нэр, алт мөнгөнд шунан дурлаж байгаагий нь би л лав харж байгаагүй, харин амьдрахын төлөө мятаршгүй тэмцэгч.
Бидний аав нартын амьдралыг налайж биш, сөрж амьдарсан агуу хүн. Хэзээ ч, ямарч зовлонг даван туулж, юуны ч өмнө өвдөг сөгдөлгүй, тэмцсээр энэ гайхамшигт амьдралаа босгосон. Хөдөөний жаахан шар хүү, ээжийгээ үүрд алдан өнчин хоцрохдоо, өнөөдрийг биш маргаашийг бодон хүн болсон.
Өнчирсөн хэдэн хүүхдээ өсгөж өндийлгөх гэж тэмцэж байсан аавынхаа ухаанаар өөрийгөө хурцалсан.
Аав биднийг багад гэрийн дотно, гадна бүхий л ажлаа амжуулдаг байсан. Учир нь ээж маань эмч учраас үргэлж л дуудлаганд явна. Аав оройд орой унтаж, өглөөд эрт босдог. Оройд гэрийнхээ ажлаа амжуулчихаад унтахаар, өглөө сэрэхэд хүн ажлыг нь хийгээд өгчихсөн юм шиг байдагийн гэж ярьдаг. “Уруудах хүн унтаж, идэх”, их унтсаны ашиг тус гэж байдаггүй юм, “эрт босвол, нэгийг үзнэ гэж аав дандаа захьдаг. Манай аавын бас нэгэн сайхан чанар нь, маш цэвэрч нягт нямбай хүн.
Аав өөрийгөө ...би мэс засалын эмч болох байсан, миний энэ хоёр гар чинь мэс засалчийн гар... гэж жаахан харамсангуй ярьдагийн.
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагийн үеийн шаардлагаар, аав хүссэн мэргэжлээ эзэмшиж чадаагүй ч бидний аав эм зүйч гэдэг, нарийн мэдрэмж шаардсан мэргэжлээр олон жил үр бүтээлтэй ажилласан.
Аав маань залуу насныхаа, оюутан үеийнхээ тухай дурсан ярих дуртай. Аав их олон найзтай.
Аав, надад саар муу, сайхан гоё, дарга цэрэг олон найз бий гэж тэднээрээ бахархдаг.
Аав сайхан дуулдаг, биднийхээ хувьд “ДУУЧИН” хүн. Аавын ээж, эмээ маань их гоё дуулдаг, нутагтаа алдартай дуучин хүн байсан гэсэн. Аавын маань амьдралын нэгээхэн хэсэг нь урлаг, уран сайхан байсан. Одоо ч аав сайн дурын уран сайханч, дуу хуур хаана байна, аав тэнд л байдаг.
Аав баярлахаараа, бас гуниглахаараа дуу аялдаг нь цаанаа л нэг урлагийн хүн шиг санагддаг. Аавынхаа дуулахыг сонсохоор, их хайр, их ухаарлыг мэдэрдэг.
Аав маань тийм гоё сэтгэлээсээ дууг амилуулж, дууг хүний чихэнд биш, зүрх сэтгэлд нь хүртэл дуулж чаддаг.
Амьдралын адармаатай олон нугачааг,өөрийн оюун ухаан, ажил хөдөлмөр, зориг тэвчээрээрээ даван туулж, жинхэнэ эр хүн шиг амьдарсан гэж бид ааваараа бахархадаг. Та минь урт удаан насалж, танхил хэдэн үрсдээ түшиг тулгуур нь болж яваарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







