Аян замын тэмдэглэл

Франц оронд анх зорчоод 20 жил өнгөрч ажил, албаны шугамаар олон удаа явжээ. Анхны очиж байсан үеэ бодоход Франц орон, Парис хот танил найз шиг минь санагдах болж, урьд өмнө намайг ирэхэд тийм байсан, одоо ийм болж гэх мэт эргэцүүллийг тээж явах болсон байна.

5-р сард сурагч, оюутан солилцооны шугамаар 2 багш, 2 оюутан, 3 сурагч гэсэн бүрэлдэхүүнтэй бид Францын хойд нутагт орших Вобаны ахлах сургуулийн урилгаар 2 долоо хоног аялахаар зорилоо. Бид Берлин хотод буугаад цаашаа Парис явах онгоцонд суулаа. Берлинд халуун байгаа гэж жигтэйхэн, нимгэн хувцасаа авсангүй л гэж харамсаж байлаа. Гэтэл 2 цаг нисээд л буух Парис хотод сэрүүн, хүйтэн бороотой байв. Уг нь 5-н сард Францад дулаарч зуны урь орсон байдаг ч энэ удаад хүйтэн бороо ихтэй, хааяа нэг үүлэн чөлөөний нар гарч байх юм. Сүүлийн хоёр жилийн хавар нэг л хүйтэн сэрүүн байна хэмээн нутгийнхан дуу алдацгааж байв.

            Биднийг Вобаны ахлах сургуулийн “Эх дэлхийгээрээ аялах нь” холбооны багш, сурагчид онгоцны буудал дээр хүлээж байлаа. Парис хотоос хурдны замаар 3 цаг явж тэдний амьдардаг Эр-сюр-ла-лис хотод нэлээд оройхон ирж ахлах сургуулийн дотуур байранд оров. Сурагчийн амралтын үе таарсан тул тэнд хэн ч үгүй эл хуль байв. Өглөө 9 цагийн үед ахлах сургуулийн цайны газар уулзахаар болж салцгаалаа.

“Эх дэлхийгээрээ аялах” гэдэг холбооны тухайд багахан өгүүлэх нь зүйтэй мэт санагдана. Одоогоос 3 жилийн өмнө 2009 онд энэ холбооныхон надтай холбоо барьж Монголд ирэх сонирхолтойгоо хэлж билээ. Тэгээд Парист ажлаар очингоо тэдний сургуульд нь зочлон Монгол орны тухай болон 2010 онд тэдний аялалыг хэрхэн зохион байгуулах тухайд аман байдлаар тохироод ирсэн юм. Ингээд 2010 оны 7-р сард уг холбооны 3 багш, 6 сурагч анх удаа Монголд ирж Налайхын Голомт цогцолбор сургуульд зочлон, манай оюутнууд тэдэнд орчуулга хийн бүгд анд нөхөд бололцсон билээ. Франц нөхөд маань ихэд өндөр сэтгэгдэлтэй, удахгүй уулзахын ерөөл талбин одсоноор бид хэд энэ жил тэднийд зочилж байгаа маань энэ. Уг холбоог хэдэн багш, сурагчид санаачлан байгуулсан бөгөөд Францаас өөр онгон байгальтайгаа илүү ойр байдаг аль нэг оронтой холбоо тогтоох зорилгоор Монголыг сонгосон гэж надад хэлсэн юм. Тэд сайн дурын үйл ажиллагаа болох хөл бөмбөгийн тэмцээн, Монголын тухай үдэшлэг, хамтлагын концерт зэрэг идэвхтэй үйл ажиллагаа зохион боломжийн хэмжээгээр мөнгө цуглуулдаг байна. Мөн хотын даргадаа төсөл танилцуулан залуучуудыг дэмжих сангаас зохих хэмжээний мөнгө гаргуулан хойд нутгийг үзүүлэх сайхан хөтөлбөр энэ удаад зохиосон байв. Ахлах сургуулийн сурагчид төгсөөд явахад дараагийн дүү нар нь үйл ажиллагааг нь үргэлжлүүлдэг сайхан уламжлалтай юм байна.

 Эр-сюр-ла-лис хот цэвэрхэн цомхон, хүмүүс нь зочломтгой, хүний хэрэгцээг хангах бүх талыг бодолцон барьсан дардан зам, хувийн сайхан байшин, дэлгүүр, хүүхэд залуучуудын соёлын төв, спорт цогцолбор гээд бүхий л зүйл байх юм. ЮНЕСКО-ийн соёлын өвд орсон дундад зууны үеийн сүм бий гэж хүн бүр бахархана. Сурагчдын амралт тул спортын ордонд аваачин хүүхдүүдтэй нь сагсан бөмбөг тоглолоо.

Сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрөөхийн тулд соёлын төвд төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм. Тэнд бүхий л насны сурагчдыг цуглуулан манай хүүхдүүдтэй хамтатган баг болгон хотын тодорхой 30 цэгийг тэмдэглэсэн газрын өнгөт зураг өгөөд хамгийн түрүүнд очиж зургийг авчирсан багт шагнал өгнө гэснээр бүгд л шуугилдан эрэлд гарцгаалаа. Уг зурагт тус хотын хөшөө дурсгал, хотын захиргаа, задгай хөл бөмбөгийн талбай, усан оргилуур, музей, сүм гээд олон янзын газар байв.Хотын гол дурсгалт газрыг танилцуулахын ялдамд идэвхтэй алхуулан, баг бүрдүүлж ажиллуулж буй нь хүмүүжлийн ач холбогдолтой санагдав. Тэнд явган хүний зам нь тодорхой, жолооч явган хүнийг хүндэтгэн гаргахаас гадна, гудамж нь тоос шороогүй, сакура мод гээд элдэв янзын цэцэг, ургамал ургасан хотоор явахад таатай гэдэг нь аргагүй.Хүмүүс нь эгэл жирийн, танихгүй ч гэсэн “bonjour?”- “сайн байна уу?” гэж мэндчлэх нь ихэд сайхан. 3 цаг гаруй хотоор аялаад нөгөө соёлын төвд буцан ирж дүнгээ гарган идэвхтэй байсан хүүхдүүдийг амттанаар дайлан хоорондоо ярилцаж байгаад саллаа. Хүүхдүүд нь хүмүүжилтэй, бодсон санаснаа чөлөөтэй ярилцах бөгөөд хог хаяна гэсэн ойлголт ерөөс байхгүй юм. Ундаа уун, амттан идсэний дараа хэрэглэсэн нэг удаагийн сав, хогийг нэг уутанд хамж хийгээд зохих газар нь тавьж байгаа харагдана.

Энэ хотод сүүлд Английн Олимпод зориулан агаарын бөмбөгийн цогцолбор барьжээ. 1000 хүний суудалтай, сандлыг нь хэрэгцээгүй үед хана руу шахан зай гаргаж агаарын бөмбөг тоглуулдаг юм байна. Үнэхээр сайхан тоног төхөөрөмж, хувцас солих өрөө, жюдогийн танхим, эрэгтэй эмэгтэй бие засах газар, бие бялдаржуулах өрөө, 50 гаруй хүн зэрэг тоглох агаарын бөмбөгийн талбай, цохиур, бөмбөг гээд бүх юм нь бүрэн бүтэн. Мөн нийтийн өмчид хандах залуусын ухамсар үнэхээр сайхан юм аа. Тэнд байгаа хэрэглэлийг гамтай хэрэглээд яг байранд нь тавиад л гарч байгаа харагдана. Цагийн хуваарийн дагуу очиж тоглоод багшдаа талархаад гарч буй хүүхэд залуусыг харахад үнэхээр сэтгэл хөдөлмөөр. Манайд хэзээ ийм орчин бүрдэж нийтийн өмчид сайхан ханддаг болно гэж бодохоор хурдан орчин г бүрдүүлэх юмсан, хүмүүсийн ухамсарыг дээшлүүлэх юмсан гэсэн яарах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Гэхдээ энэ сайхан амьдралд хүрэх гэж Европ тивийн ард түмэн олон зууныг үдэж, хэцүү амьдралыг туулсан гэдгийг мартаж болохгүй л дээ. Франц оронд гэхэд 1789 онд Хувьсгал ялж ард түмэн нь ардчилал, тэгш эрхийг сонгосон хэдий ч өнөөгийн энэ сайхан хүний төлөө нийгэмд хүрэх зам нь 170-аад жилийн дараа буюу 1958 оноос гольдролд орж эхэлсэн юм. Иймээс хэрвээ бид хөгжлийн зөв замыг сонгон, ард түмний хандлага, ухамсарыг нь дээшлүүлбэл хөгжлийн зам холгүй байгаа мэт санагдана. Энэ замд хүрэхэд хүүхэд, залуусын үүрэг тун гэдгийг битгий мартаасай билээ.

Үзсэн харсанаа та бүхэнд цуврал болгон хүргэхийг зорьж буй тул энэ удаадаа үүгээр дуусгая. 

                                                                     (үргэлжлэл бий)

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.