Хүүхдэд шинэ дээл өмсгөх зан үйл

Бидний ижий үр хүүхэддээ шинэ дээл оёж өмсгөхдөө товч шилбийг бүрэн товчилж бүсийг нар зөв тойруулан бүслээд:

“Урд хормой дээр нь унага даага тоглог

Хойд хормой дээр нь хурга ишиг эрхлэг

Дотоод хормой дээр нь тоос биш тос наалдаг

Эдийн сайныг мөрөндөө

Эрдмийн ихийг цээжиндээ

Эд нь хэврэг, эзэн нь мөнх болтугай” гэж ерөөдөг ариун сайхан заншилтай. Шинэ дээл өмссөн хүүхдэд “дээлийн мялаалга” гэж боов чихэр, мөнгө төгрөг өгч урамшуулан баярлуулдаг.

Ер нь Монгол хүн “Мандах төрийн магай, тэгш төрийн дээл, хан төрийн хантааз, бүтэх төрийн бүс, түших төрийн гутал” гэж өмссөн хувцасаа төрийн бэлгэдэл болгон хүндэтгэн нэрлэдэг бөгөөд дээлийн зах энгэрийг дээш харуулан тавих, хувцасны дээгүүр алхаж гарах, хүнтэй хувцас солих, эмэгтэй хүний хувцсыг эрэгтэй хүн өмсөх зэрэг олон цээр буй. Эр хүний сүлд хийморьн малгай бүс хоёртоо байдаг юм. “Хүнтэй бүү соль, хүнд бүү өг” гэж ах зах хүмүүс ярьж байхыг та сонссон байх. Малгай буруу харуулж өмсөхийг эртнээс нааш ихэд цээрлэж ирсэн бөгөөд зөвхөн талийгаачийн яс барих хүн л малгай буруу харуулан өмсөж шарилд хүрдэг учиртай.

Одоо хотын гудамжаар малгайгаа буруу харуулж өмссөн хөвгүүд, охид алхам тутам тааралдах болсон нь “Ёс мэдэхгүй ёр” гээч л энэ бизээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.