Хүүхдээ зусланд явуулах гэж байгаа бол


 

Эцэг эхчүүд ээ! Хүүхдээ зуны амралтаар нь хаана юу хийж амраах гэж байгаа  вэ? Хэлний сургалт, зуслан, хөдөө, сувилал, сонгон секц гээд л хүүхдийнхээ төлөө багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа нь мэдээж. Хэрвээ та хүүхдээ зусланд явуулахаар шийдсэн бол бүлгийн багш нарын өгсөн зөвлөгөөг дагаарай!


- Эрүүл мэндийн үзлэгт заавал оруулах хэрэгтэй. Эцэг эхчүүд таньдаг эмч юм уу, өрхийн эмнэлгээр эрүүл мэндийн үзлэгийн картыг бөглүүлдэг. Энэ нь зуслан дээр очсоны дараа таны хүүхдийн архаг хууч өвчин нь сэдрэх, бусад хүүхдүүдэд өвчин тараах аюултай тул эмчийн үзлэгт хамрагдан, шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн картыг үнэн зөв бөглүүлсэн байх хэрэгтэй. Энэ нь таньд болон хүүхдийн чинь эрүүл мэндэд ч тустай. Хэрвээ таны хүүхэд ямар нэгэн хоолны дэглэм баримталдаг бол тухайн ээлжийн ахлах удирдагчид заавал хэлж тэмдэглүүлэх хэрэгтэй.

 

- Хүүхэд тань бие даах чадвараар дутмаг бол ах эгчтэй нь явуулбал зүгээр. Учир нь ах эгч нартайгаа эхний удаа зуслан дээр ямар байдгийг мэдэрдэг учраас дараа жил өөрөө бие даан явахад нэг их төвөг учрахгүй шүү дээ. Бүлгийн ахлагч нар хэдийгээр таны хүүхэдтэй өдөр бүр хамт байх боловч нэг бүлэгт 30-35 хүүхэд байдаг учраас хүүхэд бүртэй ганцаарчилж ажиллах боломжгүй. 

 

- Цаг агаарын нөхцөлд тохирсон хувцас бэлтгэж өгөх. Нарны малгай, дотуур гадуур хувцас, гутал, биеийн тамирын хэрэгсэл гэх мэт. Зуслан дээр өглөө оройдоо сэрүүн байдаг тул дулаан хувцас, өдөртөө өмсөх нимгэн хувцас 2-3-ыг бэлтгэнэ. 2 ээлжийн гутал байх шаардлагтай. Учир нь бороо орсны дараа хүүхдүүдийн гутал норсноос үүдэн, чийгтэй гуталтай явнаас болж хоолой нь их өвддөг. Иймд солих гутал зайлшгүй хэрэгтэй.



- Ариун цэврийн хэрэгсэл. Шүдний оо, сойз саван, алчуур, салфетка, 00 цаас, шампунь зэргээс гадна шархны лент, хөвөн гэх мэт ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөхөд буруутахгүй. Хамгийн гол нь зусланд байх хугацаанд хэрэглэж болох овор хэмжээ багатай байх. Хэрэв таны охин 11-13 настай бол сарын тэмдэг нь амрах хугацаанд ирж магадгүй гэдгийг тооцоолоорой.



- Ор хөнжлийн даавууг бэлтгэхдээ нэг хүнийх байх. Шөнөдөө сэрүүхэн байгаа үед даавуу нь хайраад байдаг тул аль болох цэвэр даавуугаар хийсэн бол зүгээр.



- Таны хүүхэд ямар нэгэн авьяастай ч бай, авьяасгүй ч бай зуслан дээр зохиогдож байгаа уралдаан тэмцээнд бүгдээрээ л оролцох болдог. Тэр үед  өөрт нь хэрэг болох зүйлийг нь бэлтгэж явуулаарай. Бүжиглэдэг бол бүжгийн хувцас, дуу дуулах дуртай бол бичлэг, зурдаг бол зургийн зарим хэрэгсэл, тодруулагч, будаг, цаасан урлаг сонирхдог бол өнгийн цаас, хайч, цавуу гэх мэт.



Хориглох зүйлс:

- Хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх амархан мууддаг хүнсний зүйл өгч явуулахгүй байх.



- Бага насны хүүхдэдээ үнэтэй эд зүйлс хэрэглүүлэхгүй байх. /Гар утас, хөгжим, зургийн аппарат гэх мэт /



- Их хэмжээний мөнгө өгч явуулснаас ялангуяа ахлах ангийн сурагчид согтууруулах ундаа авч элдэв хэрэг зөрчил гаргадаг тул аль болох мөнгөний зохистой хэрэглээг тохируулах шаардлагатай.

 

Монголын багш нарын хөгжлийг дэмжих
нийгэмлэгийн менежер Б.Энхтайван





Манай сайттанд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.