Би нохойноос биш “хүн”-ээс айх ёстой байжээ

 

Би 8-н настай. Аав, ээж 2 ажил хийхээр хөдөө явсан болохоор дүү бид хоёр эмээтэйгээ хамт амьдарч байгаа. Би одоо 3-р ангид сурдаг. Энэ жил манай сургуульд олон хүүхэд хөдөөнөөс шилжиж ирсэн гээд 3-н ээлжээр хичээллэх болсон. Манай анги өдөр ордог болохоор хичээл тарахад харанхуй болсон байдаг. Эмээгийн хөл нь өвддөг болохоор намайг сургуульд хүргэж өгч, бас авч чаддаггүй. Заримдаа би ангийнхаа хүүхдийн аав, ээжтэй нь хамт гэрлүүгээ явдаг ч ихэнхдээ ганцаараа л явдаг. 

Миний хамгийн дуртай баяр бол Шинэ жилийн баяр. Шинэ жил болохоос өмнө аав, ээж хоёр хөдөөнөөс ирнэ гэсэн болохоор дүү бид тэдний ирэх өдрийг, бас баяр болохыг  хоног тоолон хүлээж суулаа. 

 

 

 

Тэр өдөр хичээлээ тараад гэрлүүгээ харих болоход урьдын л адил гадаа тас харанхуй, энд тэнд нохой хуцахаас өөр чимээгүй байлаа. Манай гэр сургуулиас нэлээд хэдэн гудамжны цаана байдаг.  

 

 

Гэр хорооллын гудамжинд ямар ч гэрэл байдаггүй болохоор жаахан аймаар байдаг ч өдөр болгон явдаг болохоор бүр сурчихсан. Гэхдээ л би айлын нохой уяанаасаа алдуураад, хашаанаасаа гараад ирэх вий дээ гэж үргэлж айдаг байсан. 

 

Манай гэрээс нэг гудамжны наана байдаг дэлгүүр өнгөрөөд явж байтал нэг танихгүй ах намайг дуудлаа. “Ахын дүү гэрлүүгээ явж байгаа юмуу? Ах нь чамайг дөхүүлээд өгөх үү?” гэж хэлэхэд нь “Ашгүй том хүнтэй хамт явбал нохойноос айх хэрэггүй болно” гэж дотроо бодоод толгой дохилоо. Ингээд тэр сайхан сэтгэлтэй ахыг даган араас нь алхсан юм.

Харанхуйд тааралдсан танихгүй ахын хэлсэн үгс одоо ч чихэнд минь сонсогдож, тэсэхийн аргагүй аймшигтай өвдөлт биед минь мэдрэгддэг. Би айлын нохойноос биш “хүн”-ээс айх ёстой байжээ.  

 

Тэр шинэ жилийн баярыг одоо ч би үзэн яддаг.

 

ГҮНЖЭЭГИЙН ЗӨВЛӨМЖ

Энэ бол “үл таних хүний зүгээс үйлдэгдэх хүчин”-гийн гэмт хэргийн нэгэн жишээ юм. Энэ төрлийн хүчингийн гэмт хэрэг манайд харьцангуй их үйлдэгддэг. 2011 оны эхний 8-р сарын байдлаар нийт  284 хүчингийн гэмт хэрэг үйлдэгдэснээс 20 хувийг нь “гудамж талбайн хүчин” эзэлж байна. Дийлэнхдээ сургуулийн насны бяцхан охид хохирогч болжээ.

Амьдралын янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалаад хүүхэд бүр гэртэйгээ ойрхон цэцэрлэг, сургуульд сурч чадахгүй байна. Үүнээс гадна аав, ээж нь тэр бүр хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авч чаддаггүй. Хэрвээ гадаадын кинон дээр гардаг шиг сургууль нь автобустай, сурагчидаа гэрээс нь аваад, буцаагаад хүргээд өгдөг бол гоё оо. Тэгвэл энхрийхэн охид маань сургуулиасаа гэртээ харих замдаа, гэрээсээ сургуульдаа очих замдаа хүчирхийллийн золиос болохгүй л байх.

Гүнжээ дээрх түүхээр дамжуулан эцэг, эхчүүдэд бяцхан зөвлөмж өгөхийг хүссэн юм.

  • Та хүргэж өгч, авч чадахгүй л бол охиноо гэрээсээ хол сургуульд битгий оруулаарай!
  • Аль болох гэртэйгээ ойрхон сургуульд хүүхдээ оруулахыг хичээгээрэй!
  • Та хичнээн завгүй байсан ч хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахад анхаарлаа хандуулаарай!
  • Та хүүхэддээ тэр бүр анхаарал хандуулах боломжгүй байвал танд туслах хүнийг заавал олоорой! Амьд хүн аргатай шүү дээ.
  • Бага насны охиноо ганцааранг нь битгий явуулаарай! Ялангуяа орой, үдшийн цагаар хааш нь ч явуулах хэрэггүй шүү! Ойрхон дэлгүүр явах төдий ажлыг та өөрөө ч хийж чадна шүү дээ!
  • Хичээлийнх нь хуваарийг заавал тэмдэглэж аваад, хичээл тарах цагийг нь сайтар тогтоогоорой!
  • Ангийнх нь багштай байнгын харилцаа холбоотой байх хэрэгтэй шүү. Утасных нь дугаарыг утсан дээрээ эсвэл тэмдэглэлийн дэвтэр дээрээ заавал тэмдэглэж аваарай!
  • Охиныг чинь сургуулиас нь авч байх хүмүүсийг багшид нь танилцуулах хэрэгтэй шүү! Хэрвээ тэднээс өөр хүн авах шаардлага гарвал багшид нь урьдчилан мэдэгдэж, хэн, ямар төрхтэй хүн болохыг хэлээрэй!     
  • Мөн охиндоо ганцаараа явах нь аюултай болохыг сайтар ойлгуулж хэлээрэй!
  • Зарим эцэг, эхчүүд хүүхэддээ гар утас авч өгөхийг эрс эсэргүүцэж, тэднийг эрхлүүлж байна гэж үздэг. Гэхдээ гар утас тансаг хэрэглээ биш, харин ч холбоо тогтоох энгийн хэрэгсэл юм.
  • Хэрэв таны охин гар утастай бол байнгын цэнэгтэй, бас холбоо тогтоож хүрэлцэхүйц нэгжтэй байлгаарай!
  • Ангийнх нь хүүхдүүдийн утасны дугаарыг тэмдэглээд авахад илүүдэхгүй шүү!   

  

Хэрэв та бидний өгч буй эдгээр зөвлөмжүүдийг анхааралдаа авч, өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж чадвал энхрий бяцхан охидоо бэлгийн хүчирхийллийн золиос болохоос урьдчилан сэргийлж чадна. 

 

 

 

Манай сайттанд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.