“Сваровский бол гоёмсог шил”

Эрдэнийн чулуу судлаач Ш.Мөнхцаг:

-Та эрдэнийн чулуу судлаач хүн. Энэ мэргэжилтэй хэрхэн холбогдож байв даа?

-Би социализмын үед дээд сургуульд биохимич, минерлогич мэргэжлээрээ төгсөөд ирэхэд минерлогч мэргэжлээр минь Монголд  ажил олдохгүй байсан. Учир нь тэр өндөр хэрэглээ Монголд байсангүй ээ. Тэгээд л гиологич мэргэжлээрээ ажиллаж байгаад удалгүй аялал жуулчлалын салбарт орчихсон юм. Гэхдээ би чулуугаа хаяагүй. Энд тэнд явахдаа чулууны үзэсгэлэнгээс чулуугаа цуглуулаад, ном сэтгүүлээс байнга  үзэж хараад л, өөрийн  коллекцээ улам арвин болгох зорилго урдаа тавьсан байлаа. Ийм байдалтай олон жил явсаар саяхнаас мөрөөдлөө биелүүлж, аялал жуулчлалынхаа зэрэгцээ байгалийн чулууны жижигхэн салон байгуулаад тэндээ байгалийн чулуугаар хийсэн гоёл чимэглэлийг санал болгодог болсон.

-Эмэгтэйчүүд маань өөрийн үнэт чулуугаа жинхэнэ эсвэл хуурамч гэдгийг мэдэхээр танд их ханддаг уу?

-Тийм ээ ханддаг. Манайхан чулуугаа таньж мэдэхдээ маш муу. Учир нь чулууны мэргэжилтэн ховор болохоор тэр байх.  Уг нь бол монголын эмэгтэйчүүд сайхан хувь тавилантай хүмүүс. Тухайлбал, Африк эмэгтэйчүүд амьтны яс, мод, шувууны өд зэргийг л гоёл болгон зүүдэг. Харин манайхан Хүннүгийн үеэс эхлээд л дандаа алт мөнгө, чулуу эрдэнэс зүүгээд уламжлал болчихсон маш сайхан ард түмэн. Гэхдээ энэ сайхан уламжлалыг нь хувьсгалаар үгүй болгочихсон. Түүнээс хойш л эдээ танихаа больчихсон. Ер нь эмэгтэй хүнд байгалийн сайхан энергитэй чулуунууд байх ёстой. Гэтэл одоо үүнийгээ таньж мэддэггүй.

-Эмэгтэй хүнд бүх төрлийн чулуу байх ёстой гэлээ. Гэтэл тэр болгоныг цуглуулах нь жирийн бид нарт хэцүү. Тэгвэл  байх ёстой хамгийн гол гурван чулуунаас нэрлээч..

-Чухалчлах чулуу гэж байхгүй ээ. Бүх чулуу байх ёстой гэхээр их л үнэтэй чулуунаас бүтсэн иж бүрэн цуглуулгыг хэлээгүй. Зүгээр л ганц бөгж, кулон, хүзүүний зүүлт ээмэг ч юм уу? Тэр болгон нь заавал хослох албагүй, үүнийг би социализмын синдром гэж хэлнэ. Хүн өөрийнхөө дуртай юмыг зүүж байвал аз жаргалтай болно шүү дээ.

-Хоорондоо харшдаг чулуу гэж байх уу?

-Байхгүй. Хүний сүсэг бишрэлээс маш их шалтгаалдаг.

-Гадуур маш их эрдэнэсийн дэлгүүр байх болжээ?

-Зөндөө бий. Гэвч ихэнх нь хуурамч бараагаар дүүрэн. Оруулж ирж байгаа хүмүүс нь хууртагдаад байгаа юм бол уу гэж боддог. Зарим хуурамч гоёл дунд ганцхан чамин үнэтэй зүйл байх жишээтэй. Дэлхийн бүх оронд хэрэгжүүлээд байгаа үнэт чулууны талаархи хууль манай Монголд л байдаггүй. Хэрвээ чи зөв таниад авбал ав, хуурамчаа авбал ав гээд хэрэглэгчийн эрхийг хамгаалдаггүй.  Бүсгүйчүүд маань тэр болгон мэргэжлийн хүн дагуулж явахгүй нь мэдээж. Харин гадаадад бол яг үнэнээ л хэлдэг. Учир нь хуулиараа хэрэглэгчдийгээ хамгаалж байдаг. Жишээ нь “Энэ уг нь байгалийн индранил чулуу байгаа юм, гэхдээ энийг жаахан химийн аргаар өнгийг нь сайжруулчихсан” гэдэг ч юмуу. Худлаа хэлбэл шүүхэд татагдана.

-Чулууны коллекцтэй болъё гэвэл ямар чулуугаар эхлэвэл зүгээр вэ?

Ямар нэгэн чулуунаас эхлэнэ гэсэн дүрэм байхгүй ээ. Эмэгтэй хүн болгонд ээжээс, эмээгээс, эгчээс  эсвэл хайртай хүн нь бэлэглэсэн үнэтэй зүйл байдаг. Өөрийн чинь ойр дотны чамд сайн сайхныг хүсдэг хүмүүсээс ирсэн юмыг түшиглээд явах хэрэгтэй.

-Ямар чулуу бэлгэнд хамгийн их тохирох вэ? Сүүлийн үед Сваровский их бэлэглэх болжээ.

-Сваровский бол сайжруулсан шил. Үүнийг 100 жилийн өмнө Чехийн гэр бүл анх үүсгэж байсан. Тэр үед л жинхэнэ байгалийн болороор хийж байсан юм. Өнгөтэй болруудыг засч хийж байснаа сүүлдээ сайжруулсан шил болсон. Нэгэнт нэр хүндийг олчихсон болохоор бренд гэх өвчлөлөөр хүмүүсийн сонголт болсон. Сваровский хамгийн сүүлд манайд л ирлээ, гадаадад үүнийг сонирхохоо больсон.  Ямар ч энергигүй шүү дээ.

Чулууг бэлгэнд сонгохдоо тухайн хүнийхээ арьс, нүдний өнгө, хүзүү цээжний нарийн, гарны бүдүүн нарийн, чихний цоололт зэргээс анзаарвал зүгээр. Сайхан цээжтэй хүнд хүзүүний зүүлт, гоё гар, хуруутай бол бөгж бэлэглэхэд их сайхан. Бэлэглэхдээ арьсны өнгийг нь харна, хар бор царайтай хүнд тиймэрхүү өнгийн чулуу бэлэглэх онцгүй. Харин түүний оронд сувд сонгох нь дээр. Цав цагаан хүнд улаан ягаан төрлийн, бор хүнд ногоон өнгө их гоё зохидог юм.

-Үнэт чулууг таньж болох хамгийн энгийн аргыг манай уншигч бүсгүйчүүдэд хэлж өгөөч?

-Чулууг жинхэнэ эсэхийг мэдэх хамгийн эхний арга бол өнгө. Байгальд байдаггүй өнгө гэж байдаг юм шүү гэдгийг санаж явах хэрэгтэй. Найдвартай газраас юм уу? мэргэжлийн хүнтэй явж сонголтоо хийхийг зөвлөж байна. Мөн үнэт чулуунуудаа жинхэнэ эсэхийг мэдэх эсвэл баталгаажуулахыг хүссэн эмэгтэйчүүд надтай холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө авахын зэрэгцээ миний коллекцтэй танилцаж болно. Утасны дугаар:  99059134

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.