Ц.Баясгалан:Олон жилийн өмнө надад хайр, сэтгэл байсан
-Тантай хийх ярилцлагаа хайрын тухай эхэлмээр санагдлаа?
-Би хайрын тухай ярих гэхээр худлаа зохиож ярих болчихоод байна. Олон жилийн өмнө л надад хайр сэтгэл байсан. Одоо харин миний хувьд мартагдаж байна. Хайр дурлал гэхээр хэн нэгэн хүнийг хайрлаж, тэр хүнд автаж байж, тэгээд тэр хүнээ хайрлах болдог. Гэтэл яг сүүлийн хэдэн жил хайр дурлалын тухай мартаад удаж байна. Тийм болохоор яг зохиож ярих ч юм шиг санагдаад их сонин байна.
-Амьдралаа, нөхрөө ярьж болно шүү дээ?
-Бид хоёр ерөнхийдөө олон жил тусдаа амьдарсан. 1999 онд л салсан хүмүүс шүү дээ. Дунд нь нэг болох болов уу гээд хүүхдээ аз жаргалтай болгоно гэж хоёулаа эргэж суусан ч гэсэн хоёр жил гаруйн хугацаанд хамт амьдраад тэгээд салсан. Тэрнээс хойш хайр дурлал гэж юу байх билээ дээ.
-Хайр дурлалыг уучлал мөнхөлж чаддаг юм болов уу?
-Чадна шүү дээ. Одоо ч гэсэн хайрлаж байгаа шүү дээ. Гэхдээ учиргүй эр нөхрийгөө хайрлаад л дурлаад байх юм байхгүй. Эргээд хурдан сэргэж мэдэх юм. Эмэгтэй хүн амархан шүү дээ. Бяцхан санаа тавиад л, нулимсыг нь арчаад л, гарыг нь чанга атгахад уяраад л явчихдаг. Ганц гоё үг хэлээд л утасны цаанаас ганц санаа тавих төдийд л уярдаг тийм зөөлөн сайхан сэтгэлтэй байдаг. Гэхдээ би өөрөө нөхрөө хаясан. "Чи болохгүй байна, өөрийгөө засаад над дээр хүрээд ирээрэй" гэж хэлсэн. Би засрахыг нь хүлээгээд л дандаа утсаар ярьдаг "над дээр ирэх боломж байна уу, гурвуулаа амьдаръя гэсэн" гэтэл тэр өөрөө замаа хөөсөн. Эмэгтэй хүний хувьд бол тийм өрөвдөлтэй, эмзэгхэн маш гоё энэрэнгүй сэтгэлтэй, маш агуу сэтгэл гаргаж чаддаг. Тийм болохоор эрчүүд энэ ч намайг уучилчихна даа гэж боддог ч юмуу тэгж ханддаг байж мэдэх юм.
-Монгол эмэгтэйчүүдийн талаар таны бодол ямар байдаг вэ?
-Эмэгтэй хүн бүр агуу сэтгэлтэй, бяцхан юманд хүртэл анхаарал тавьдаг. Миний үеийнхэн их хүмүүжилтэй, их мундаг эмэгтэйчүүд, сүүлийн үеийн охидыг харахад гэсэн ахмад настанаа хүндлэх, хэн нэгнээс эмээх хүндлэх сэтгэл, хайрлах өрөвдөх сэтгэл их бага болсон юм шигээ.
-Хүү тань одоо анхныхаа хайртай учирч байгаа байх даа? Та зөвлөгөө өгдөг үү?
-Би хүүгээ бүр бага ангиас нь хөөрхөн охидтой найзлуулах гээд л "танай ангийн тэр охин ямар вэ?" гээд л тэгэхээр хүү маань "онцгүй, тэр хөөрхөн" гээд л ярьдаг байсан. Харин одоо болохоор их зожиг болчихсон юм шиг. Миний хүү надаас хэзээ өндөр болох юм бэ? гэж дандаа асуудаг. Тэгээд л өвдөгний урд зогсоод л ийм өндөр, тийм өндөр гээд л надаас хэмжээ авдаг. Миний хүүгийн үс ургах ёстой газар байгаа тэгээд үс ургахаар миний хүү өндөр болж эхлэнэ гээд л би хэлдэг юм. Бид хоёрын харилцаа ерөнхийдөө нээлттэй байдаг.
-Та харин ээжтэйгээ хэр нээлттэй байв аа?
-Манай ээж л орос хэлний багш сэхээтэн хүн мөртлөө надад сарын тэмдэг ирдэг тухай хэлж байгаагүй. Би бараг л үнсэлдэхээр жирэмсэн болдог гэж боддог байх жишээтэй, нэг тийм бүдүүн хадуун өрөвдөлтэй байлаа шүү дээ.
-Ахиад амьдрал зохиох уу?
-Одоохондоо зав гарахгүй байгаа болохоор тэр тухай бодоогүй байна. Гэр театр хоёрын хооронд л амьдрал өрнөж байна даа. "Би эхнэргүй ээ, чи яг одоо намайг сонго" гээл нэг эр гараад ирвэл бодож үзэх байх аа.







