Германы театрын монгол жүжигчин


Болор Шараа нэрээр Германы драмын урлагт хөл тавьж, Франкфуртын театрт ах дүү Гриммийн нэрэмжит жилийн хүрээнд тавьсан шинэ уран бүтээлд таван сарын турш гол дүр бүтээсэн Гансүхийн Ариунболортой ярилцлаа.

10 настай байхдаа аав, ээжийгээ дагаж Берлинд амьдрах болсон энэ бүсгүй ахлах сургуулиа төгсөөд жүжигчний мэргэжлээр суралцаж, одоо багагүй амжилт гаргаж яваа аж.

Тэрбээр Франкфуртэд амьдардаг гадаадынхны тухай өгүүлсэн “Frankfurt coincidences” буюу “Франкфуртын хувь заяа” киноны гол дүрд тоглож, энэ бүтээлээрээ Мюнхений кино наадмаас “Германы шилдэг залуу жүжигчин” , Нюрнбергийн наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн байна. 

-ХБНГУ-д жүжигчний мэргэжлээр, тэр дундаа драмын жүжгийн гол дүрд тоглоно гэдэг сайхан мэдээ байна. Өмнө нь Германд драмын жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж, ажилласан монгол хүн байдаггүй байх аа?

-Киноны чиглэлээр ажилладаг хүмүүс бий. Гэхдээ драмын жүжигчин байхгүй.

-Театрт гол дүр авахын тулд яаж шалгуулдаг вэ?

-Германд жүжигчид ямар нэгэн театрт харьяалагддаггүй. Шалгуулаад гэрээгээр ажилладаг. Германы хот болгон театртай. Тиймээс би сургууль төгссөнийхөө дараа таалагдсан театраа сонгоод материалаа явуулсан. Театрт залуу жүжигчид байнга ингэж материалаа ирүүлдэг учраас танилцаад жүжигчдээ урьдаг. Намайг Франкфуртын театрт ирж, жүжиглэж үзүүлэхийг урьсан. Би гурван дүрийн монолог уншиж, бас бүжиглэсэн. Би сонгодгоос Гётегийн “Фауст” жүжгийн монолог уншсан юм.

-Франкфуртын театрт ах дүү Гриммийн нэрэмжит жилд зориулан ямар жүжиг тавьсан бэ. Чи ямар дүрд тоглов?

-Дэлхийд алдартай маш олон үлгэрийг зохиосон ах дүү Гриммийн нэрэмжит жилийн хүрээнд Франкфуртын театр тэдний үлгэрийг орчин үеийнх болгож тоглосон юм. Жүжигчин бүр нэг дүр сонгоод үлгэрийн хэсгийг тоглодог. Би хэрцгий гүнжийн дүрд тоглосон. Эцэг нь хүнтэй гэрлэхийг шаардаад байхаар нь гүнж заль зохиож өөрийнх нь асуултад хариулсан хүнтэй сууна гэж амлаад, хариулж чадаагүйг нь цаазалдаг. Тэгж олон залуугийн аминд хүрч явсаар эцэст нь өөрөө нэг залууд мэхлүүлж, түүнтэй гэрлэдэг юм.

-Германд драмын театрт гол дүр бүтээсэн гэхээр нэр хүнд нэлээд өснө биз?

-Театрын тайзан дээр тоглосон жүжигчнийг илүү ур чадвартай гэж үзэж, үнэлдэг. Драмын жүжигчин үзэгчдэд дүрээ хүргэхийн тулд маш удаан бэлтгэж, тэр хэмжээгээрээ олон сар тоглодог. Зарим жүжгийг бүтэн жилээр, долоо хоногт гурван удаа тоглох ч тохиолдол бий. Тиймээс театрт тоглосон жүжигчний нөр их хөдөлмөрийг үнэлж, дараа нь кинонд урих бол өндөр нэлдэг.

-Франкфуртын театрт гол дүр авсан гэхээр германаар төгс ярьдаг байх нь ээ?

-Бараг монголоос илүү ярина.

-Өөр ямар хэлээр жүжигт тоглож чадах вэ?

-Төрөлх хэл минь учраас сайн бэлдвэл монголоороо чадна. Бас бага зэрэг герман аялгаа засчихвал англи хэлээр ч тоглох боломжтой. Угаасаа хэцүү гэж хойш суух дургүй дээ, би.

-Бага байхдаа найзуудаа орхин харь улсад амьдрах ямар байсан бэ?

-Гуравдугаар ангиа төгсөж чадалгүй Герман руу явсан. Гэр бүлийнхэн, ялангуяа эмээгээ, найз нараа санаж уйлдаг байлаа. Намайг хэлний дамжаанд суулгалгүй шууд сургуульд оруулчихсан болохоор герман хэл хэцүү санагдаж, ангийнхантайгаа арай гэж дохио зангаагаар ойлголцоно. Хүүхэд л юм болохоор үеийнхэнтэйгээ тоглож, наадахын тулд дохиж, ярьж явсаар жилийн дараа германаар сайн ярьдаг болсон.

-Яагаад Германд амьдрахаар болсон юм бэ?

-Ээж минь Германд сурдаг байсан учраас аав, бид хоёр араас нь очиж тэндээ амьдарсан.

-Одоо бол Германд нэр хүндээ өсгөж, сайн жүжигчин болохыг чухалчилж байна уу?

-Тийм ээ. Германд карьераа эхлүүлсэн учраас илүү сайжирч Монголынхоо нэрийг өндөрт өргөх хүсэлтэй. Түүний зэрэгцээ Монголын урлагийнхантайгаа холбоотой баймаар байна. Би үнэхээр хүсэж, өрөөдөж байж 10 жилийн дараа эх орондоо ирлээ шүү дээ. 10 настайдаа Герман очоод, түүнээс таван жилийн дараа нэг удаа Монголд ирсэн юм.

-Бага байхдаа амьдарч байсан хот чинь маш их өөрчлөгдсөн байгаа биз дээ?

-Бүх зүйл өөрчлөгджээ. Өмнө нь I хорооллоос III хороололд эмээгийндээ ирэхдээ автобусанд суугаад түүртэлгүй ирдэг байсан. Одоо гэтэл байшингууд нь танигдахгүй болж. Бас байшингуудынх нь дунд барилга баригдаад хаана, юу байгаа мэдэгдэхгүй байна лээ.

-Ирсэн зорилгоо биелүүлж Монголын жүжигчидтэй танилцаж амжив уу?

-Танилцсан. Би ирсэн өдрөө Ааяа эгч дээр гүйж очоод “Мөрөөдлийн театр”-ынхантай уулзсан. Бас тэдний анхны тоглолтыг үзэж, жүжигчидтэй нь халуун дотно яриа өрнүүлсөн. Тэд надад дүр гаргаж өгч болно гэсэн ч би анх удаа уулзаж байгаа учраас тоглоё гэж хэлээгүй. Тэгээд ч энэ удаа жүжигчидтэйгээ танилцаад буцахад л хангалттай. Монголын театрын зохион байгуулалт Германыхаас өөр учраас ойлгохыг л хүссэн юм.

-Германд бас загварын чиглэлээр ажилладаг гэв үү?

-Фото моделийн чиглэлээр оюутан байхаасаа ажилласан. Ихэвчлэн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглодог.

-Монгол хүн гэж онцолж тоглуулдаг уу, эсвэл ази царайтай болохоор нь сурталчилгаанд оролцуулдаг уу?

-Тэнд хятад, монгол, солонгос хүмүүсийг нэг, тайланд, камбож, вьетнамыг нэг бүлэг болгож ялгахаас биш монгол хүн гэж онцолдоггүй.

-“Франкфуртын хувь заяа” кинонд Германд амьдардаг гадаадынхны тухай өгүүлдэг гэсэн. Чи азиудыг төлөөлсөн байх, тийм үү?

-Франкфурт хотод Нью-Йоркоос дутуугүй маш олон үндэстэн амьдардаг. Тэд нэг дор амьдрахад янз бүрийн бэрхшээл тулгарна. Уг кинонд энэ тухай өгүүлдэг. Кинонд биеэ үнэлдэг тайланд хүүхний бодит амьдралаас оруулсан байгаа. Би тэр ази хүүхнийг төлөөлж тоглосон юм. Манай кино Мюнхений кино наадмын үзэгчдийн шагнал хүртсэн.

-Германы их сургуульд сурах хэр бэрхшээлтэй вэ. Нэг хэсэг монголчууд гэрийн үйлчлэгч хийж, Германд сурдаг байсан.

-Авьяас байгаад шалгалтдаа тэнцвэл хэн ч сурах боломжтой. Өмнө нь сургууль нь төлбөргүй байж байгаад одоо семистрийн төлбөр авч байгаа. Гэхдээ оюутнууд долоон хоногт 90 цаг ажил хийх эрхтэй болохоор боломжтой байдаг юм. Би сурталчилгаа, клипэнд тоглох зэр гээр урлагтай ойр ажиллаж, төл бөрөө төлдөг байсан.

-Алдартай дуучдын клипэнд тоглосон уу?

-“Диско боус” хамтлагийн клипний гол дүрд тоглосон. Өмнө нь би 15 настайдаа бүжгийн уралдаанд тэргүүлж, хамтлагт ороод алдартай дуучдын тоглолтод орж бүжиглэдэг байсан. Дараа нь бага насны хүүхдүүдэд бүжгийн хичээл зааж улсаас цалин авч байлаа.

-Жүжигчин болох нь багын мөрөөдөл үү?

-Гурван настай байхаасаа л жүжигчин болно гэж ярьдаг байсан гэсэн. Аав, ээж хоёр хүүхэд бүхэн л ингэж ярьдаг гэж бодоод тоодоггүй байсан юм билээ. Тэгээд дараа нь кино драмын сургуульд ороход хориглоогүй “Чи яриа сайтай юм чинь сэтгүүлч болбол ямар вэ” гэж байсан. Би “Мандухай цэцэн хатан” киног хэдэн ч удаа үзсэн уйддаггүй. Хэзээ ч мартагдахгүй, сайхан дүр бүтээсэн Н.Сувд гуайг маш их хүндэлдэг. Бас дуучин Сарантуяа, Ариунаа, “Хурд” хамтлагийг шүтэн биширдэг.

-Германд киноны чиглэлээр ажилладаг монгол уран бүтээлчидтэйгээ хамтран ажилладаг уу?

-Би Бямбасүрэн эгч, Мюнхений Узьма, зураглаач Аагий нарыг танина. Гэхдээ хамтран ажиллаж байгаагүй. Саяхан продюссер Од гэж бүсгүйтэй танилцсан. Бас үндэсний урлагийн олон хамтлаг бий. Монголчуудыг хамарсан арга хэмжээнд тэдэнтэй уулздаг.

Ж.Солонго

 

 

Эх сурвалж: mongolnews.mn 

 

 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.