Жааз хөгжим хүний хүрч очиж чаддаггүй тийм сэтгэлийн мэдрэмж, утсыг хөндөж чаддаг

Сайн байна уу? Та манай уншигчидад өөрийгөө танилцуулаач?
- Намайг Оюука гэдэг. Би Kush&Oyuka хамтлагийн хөгжмийн найруулагч, мөн төгөлдөр хуурч. Манай хамтлаг 2011 оны намар байгуулагдсан. Миний хувьд төгөлдөр хуурч мэргэжлээр 2009 онд төгссөн. Сонгодог төгөлдөр хуурийг 15 жил сураад төгссөнөөсөө хойш өөрийн сонирхлоороо жааз хөгжмийн хамтлаг байгуулаад уран бүтээлээ тууриваж байна. Одоо хийж байгаа уран бүтээл гэвэл өөрсдийн анхны цомгоо гаргаж байгаа бөгөөд энэ нь зөвхөн Монгол хүнд зориулагдсан жааз дуунуудаас бүрдсэн байгаа. Мөн энэ цомогтоо зориулж нээлтийн концерт хийж гэж байна. Манай тоглолт 6-сарын 8, 9 нд I loft function house-т болно.
Танай концертонд ямар ямар хамтлаг дуучид оролцох вэ?
- Манай хамтлагийн концертонд хөгжим бүжгийн коллежийн утсан хөгжмийн ангийн оюутнууд мөн Баянмонгол чуулгын хөгжимчид, бүжигчид оролцоно.
Манай сайт эмэгтэйчүүдэд зориулсан төрөлжсөн сайт учраас би өөртөө чинь эмэгтэй хүний талаар, эмэгтэй уран бүтээлч гэдэг талаас нь ярилцахыг хүсэж байна. Төгөлдөр хуурч болохыг багаасаа хүсэж мөрөөдөж байсан уу? Яагаад төгөлдөр хуурч болсон бэ?
- Намайг хөгжим бүжигт оруулсан хүн бол ээж минь. Би тэр үед дөнгөж зургаан настай байсан болохоор одоо сайн санадаггүй юм. Ээж минь өөрөө урлагийн хүн учраас намайг авъяастай гэдгийг олж хараад намайг хөгжим бүжигт шалгуулаад би тэнцсэн. Тэрхэн үед би ээжийн хүслээр л явдаг, юу хийж байгаагаа ч ойлгодоггүй байсан. Гэхдээ хүн өөрөө ямар нэг зүйлийг чадаж байна гэдгээ мэдэх юм бол тэрэндээ маш их хайртай, дуртай болдог юм билээ. Тэр үед жаахан хүүхэд болохоор янз бүрийн л юм мөрөөддөг, хөгжим бүжиг маш их хүнд сургалтаар хүүхдүүдийг сургадаг ерөнхий эрдмийн хичээлийн хажуугаар өөрсдийн сонгосон мэргэжлийн хичээлдээ маш их цаг зарцуулдаг болохоор ядардаг байсан. Би өөр мэргэжилтэй болмоор байна, би энийг хүсэж ороогүй гээд шантардаг байсан. Харин одоо энэ мэргэжилдээ туушдаа явсандаа маш их баярладаг.
Төгөлдөр хуурч биш байсан бол ямар мэргэжилтэй байх байсан бол гэж бодож байсан уу?
- Боддог байсан. Гэхдээ одоо бодохоор сэтгэл маш их өвддөг, төгөлдөр хуурч болоогүй бол яанаа гээд. Гэхдээ ямар нэгэн байдлаар хөгжимтэй холбогдох байсан байх.
Хүмүүс авъяас 1%, хөдөлмөр 99% гэж ярьдаг шүүдээ. Та түүнтэй хэр зэрэг санал нийлдэг вэ?
- Энэ үгийг би хүмүүсийг их хөдөлмөрлө гэж уриалсан үг гэж ойлгодог. Авъяас 1% хувь ч байсан, 2% хувь ч байсан, бүр гоц авъяастан байсан ч хөдөлмөргүйгээр хүн хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй гэдгийг ойлгуулахыг хичээсэн үг байх гэж боддог.

Уран бүтээлээ туурвиад хэр удаж байгаа вэ?
- Хамтлагийнхаа хүрээнд бол 2011 оноос хойш, тэрнээс өмнө гэвэл сургуулиа төгсөхөөсөө өмнө Kush бид хоёр хамтдаа юм хийдэг байсан. 2006 оноос эхэлсэн бөгөөд би дөнгөж 1-р курсын хүүхэд байсан болохоор их ичимхий байж. Гэхдээ сургуулиа төгсөхөөсөө өмнө уран бүтээл хийгээд үзчихсэн учраас одоо хамаагүй төхөм, энэ тэнд тоглолтоор явж байхад нүүр хагарчихсан байдаг.
Өөрийнхөө үеийн эмэгтэй уран бүтээлчидтэй өөрийгөө харьцуулж үзэж байсан уу? Би нэг энэ хавьд явж байгаа юм байна даа гэдэг ч юм уу?
- Хэр зэрэг их юм хийж байна, хэр их хөдөлмөрөж байна, юуг илүү юуг дутуу сурсан байна гэж харьцуулдаг болохоос нэр хүнд, алдар нэрний хувьд би энэнээс илүү гэж хэзээ ч бодож байгаагүй. Өөрөөсөө эгч ч юм уу, өөрөө дүү ч байсан мундаг сайн юм хийж л байвал түүнийг харж сонсож байдаг.
Гэр бүлтэй юу? Эмэгтэй уран бүтээлч байхын хэцүү тал нь юу байна?
- Одоохондоо гэр бүлтэй болж амжаагүй байна. Ганц бие болохоор бүх цаг заваа өөртөө, уран бүтээлдээ зарцуулдаг.
Ирээдүйгээ хэрхэн харж төсөөлж байна?
- Одоо цагт хүмүүс маш их завгүй болчихсон байна. Тэр нь ч энгийн юм шиг харагддаг болж. Манай найзууд ч гэсэн ганц бие, зав чөлөөтэй байгаа дээрээ юм суръя, эвсэл гадаад дотоодоор аялая гэж ярьдаг. Надад тэр ч зөв юм шиг ийм л байх ёстой юм шиг санагддаг болж. Гэвч Монголын нөхцөл байдал, хэв маяг өөр шүү дээ. Эрт хүнтэй сууж эрт гэр бүлтэй болдог. Миний хувьд бол ээж минь залуу байгаа дээрээ ихийг сур, хийж бүтээ гэж байнга захидаг байсан болохоор өөр зүйлийн талаар бодож найз залуутай болдоггүй байсан. Гэхдээ мэдээж хэзээ нэгэн цагт сэтгэлд таарсан хүн гарч ирвэл гэр бүлийн амьдрал зохионо гэж боддог одоо харин тэрнээсээ өмнө уран бүтээлээ хийгээд ажлаа хийгээд явж байна даа.
Маш их юм төлөвлөөд, уран бүтээлээ хийгээд явж байтал гэнэт сайхан хайр дурлалтай учирвал мэдээж татгалзахгүй биздээ?
- Мэдээж татгалзахгүй. Амьдралд бол яг үнэндээ ажил төрөл, нэр хүнд чухал ч гэсэн хамгийн чухал зүйл нь гэр бүл байдаг. Хүн төрөлхтөн анх үүссэн бий болсон цагаас л эхлэн гэр бүл гэдэг зүйл салшгүй холбоотой, түүнээс л амьдралын баяр баясгалан, аз жаргалыг мэдэрч ирсэн. Би үүнийг мэдсээр байж өөрийн аз жаргалаасаа хэзээ ч татгалзахгүй.
Хүндэлж хайрлаж, тэднээс үлгэр жишээ авдаг монголынхоо сайхан эмэгтэйчүүдээс нэрлэвэл?
- Нэр алдартай хүмүүсээс гэвэл УИХ-ын гишүүн Оюун гуайг хүндэлж явдаг. Би тэр хүнийг төдийлөн сайн мэдэхгүй ч хүний харцнаас маш олон зүйл харагддаг. Хэдийгээр урлагийн хүн биш ч гэсэн ажилдаа үнэнч, шудрага зарчимч байгаа нь надад маш их таалагддаг. Монголд ийм эмэгтэй хүмүүс олон байгаасай гэж хүсэж, хүндэлж явдаг. Уран бүтээлчийнхээ талаас гэвэл дуучин Сарантуяа маш их авъяастай, хөдөлмөр эмэгтэй учир хүндэлдэг. Харин ойр дотны эгч ах нар,найз нөхөд гээд зөндөө олон хүмүүс байдаг, тэр дундаа манай нэг эгч байдаг. Маш их ухаантай, гэр бүлээ сайхан авч явдаг, нөхөртөө халамжтай, хэрэгтэй үед нь зөв чиглүүлж чаддаг тийм гайхалтай эмэгтэй байдаг. Түүнийг хараад яг л ийм эхнэр айл гэрийн эзэгтэй болох юмсан гэж боддог.
Хэтийн зорилго юу байна? Жишээлбэл жүжигчид тийм тайзан дээр гараад үзэх юмсан, ийм дүрд тоглочих юмсан гэж боддог. Чиний хувьд тийм зорилго байгаа юу?
- Би киноны хөгжим бичихийг маш их хүсдэг. Холливуудын том том кинонуудын хамгийн түрүүнд хөгжмийг нь эхэлж сонсдог. Би хэдий төгөлдөр хуурч мэргэжилтэй ч хажуугаар нь жижиг сажиг дуунууд зохиодог байсан . Саяхан хоёр оркестрт зориулсан хөгжим бичсэн. Хэдий багш байхгүй, хянах хүн байхгүй ч гэсэн би өөрийгөө хөгжүүлэхийн тулд өөрөө хөгжмөө сонсоод, өөрөө өөртөө дүнэлт хийгээд бичиж дуусгасан байгаа. Түүндээ маш их хайртай байнга сонсдог. Хамтлагийнхаа шинээр гаргаж буй сидинийхээ бүх дуунуудынхаа аяыг, хөгжмийн найруулгийг би өөрөө хийсэн байгаа. Хүмүүст хэр их хүрч байна, хүмүүс хэр зэрэг хүлээж авч байна гэдгийг харж байгаад цаашдаа өөрийгөө хөгжүүлж, уран бүтээлээ өргөжүүлэх талаар ажил хийнэ. Мөн хэтийн төлөвлөгөөндөө ямар нэг киноны хөгжим зохионо гэж дотроо төлөвлөөд байгаа.

Хэдэн настайдаа анхныхаа уран бүтээлээ зохиож байсан бэ?
- Хөгжим бүжгийн 9, 10 ангид байхдаа бичиж байсан байх. Тэр үед нүүр хагараад чөлөөтэй болж ирсэн. Тэрнээс өмнө зөвхөн төгөлдөр хуураа дараад хичээлээ хийгээд явдаг байсан. Тэр үед бичиж байсан хөгжимөө одоо эргээд харахаар хөөрхөн санагддаг.
Сүүлийн үед хүмүүс жааз хөгжим, сонгодог урлагийн маш ихээр сонирходог болсон. Чинийхээр жааз хөгжмийн хамгийн гоё содон зүйл нь юу вэ? Хүмүүст жааз хөгжмийн энэ нь л үнэхээр гоё шүү гээд хэлчихмээр юм нь юу вэ?
- Жааз хөгжмийг ойлгож, мэдэрч, сонсдог хүмүүс үүнийг хэлүүлэлтгүй мэддэг байх. Сонгодог хөгжимийн сонсохоор хүн тайвшираад амар амгалан болдог бол жааз хөгжмийг сонсоод хүн өөрийн эрхгүй баярлаж аз жаргалтай болдог. Нэг үгээр хэлэхэд хүний хүрч очиж чаддаггүй тийм сэтгэлийн мэдрэмж утсыг нь хөнддөг.
Төгөлдөр хуурийг дэргэдээс нь сонсоод мэдэрч байгаа тэр гайхалтай мэдрэмжийг телевиз, радиогоор сонсохоор яагаад ч авч чаддаггүй. Яагаад ингэдэг юм бол?
- Энэ бол амьд хөгжимтэй холбоотой. Тоглолтыг нь үзэх, сидиг нь аваад сонсох маш их ялгаатай. Хэдий сиди цэвэрхэн дугралттай, сайхан сонсогдож байвч дэргэдээс нь сонсож тэр хүний булчингийн хөдөлгөөн бүрийг харах үнэхээр гайхалтай. Төгөлдөр хуурийг нэг хүн тоглодог ч гэсэн арван хуруугаараа ямар олон нотыг яаж тоглож байна, амьсгаагаа хэрхэн авч байна, харц нь хэрхэн хөдөлж байна гээд үйлдэл болгон нь хүмүүсийн сэтгэлийг татдаг. Харин телевиз, радиогоор тэр бүх мэдрэмжийг амсаж чаддаггүй тул тийм их ялгаатай байдаг.
Асуултаа арай өөр тийш нь хандуулъя. Манай өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоо хэр их байна. Чиний эргэн тойронд нүдэн дээр чинь харагдах эмэгтэйчүүд минь ингэчихээсээ гээд засчихмаар ямар зүйлүүд байна?
- Зарим талаараа одоогийн эмэгтэй хүмүүс их хүчтэй болсон байна. Эрэгтэй хүмүүсээс илүү хөдөлмөр ч, илүү их тэвчээртэй, зорилготой, тэмүүлэлтэй, эрдэм мэдлэгтэй эмэгтэйчүүд харьцангуй их болсон байна. Миний насны эмэгтэй хүмүүсээс илүү манай ээжийн үеийн ч юм уу тийм эмэгтэйчүүдийг их ажигладаг. Тухайн үед тэдгээр эмэгтэйчүүд яг мэдлэг боловсрол эзэмших үе дээрээ нийгмийн шилжилт хөдөлгөөн, зай завсраас болоод сурч чадаагүй улмаар ажил олдохгүй гэртээ суухаас өөр аргагүй болсон эмэгтэйчүүд олон байгаа юм шиг надад санагддаг. Тэдэнд төрөөс үзүүлэх халамж, тэдний эрх ашгийг хамгаалах байгууллага, хууль тогтоомж хангалтгүй юм шиг санагддаг.
Чиний бодлоор хамгийн төгс төгөлдөр эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Төгс төгөлдөр эмэгтэй хүн гэдэг нь энэрэнгүй сэтгэлтэй, хайраар дүүрэн ер нь сайхан сэтгэлтэй эмэгтэйг хэлэх байх. Энэ бол хамгийн чухал. Хувь хүний төлөвшил гэдэг юм бүхний эхлэл байдаг. Сайхан хүн болж төлөвшисөн эмэгтэй хүн ямар ч салбарт байсан амжилтанд хүрч, гэр бүлдээ ч гэсэн аз жаргал бэлэглэж чадна.

Хоёулаа яриагаа эргээд уран бүтээл рүүгээ хандуулая. CD нь хэдэн дуунаас бүрдсэн бэ? Ямар нэртэй вэ?
- Манай цомог маань дөрвөн дуутай. Гурван дуу нь шинээр зохиогдсон жааз, поп хэлбэрийн дуунууд байгаа. Нэг дуу нь “Шинэ Жилийн Вальс” гээд Гончигсумлаа гуайн дууг жааз хэлбэрт оруулан шинээр найруулсан байгаа. Манай концертны ерөнхий агуулга нь стандартад нийцсэн дэлхийн алдарт жааз дуунуудыг дуулахаас гадна цомогтоо орсон дуунуудыг дуулж хүмүүсийн хүртээл болгоно.
Хамтрагч, хамтлагийн гишүүн Kush-ийнхээ талаар танилцуулаач?
- Энхмөнх буюу Энхүүш, бид нар товчилж дуудсаар байгаад сүүлдээ Kush болчихсон. Бид хоёр нэг сургууль төгссөн. Манай дээд ангид сурдаг байсан болохоор ахаа гээд л явдаг байсан. Kush маань дуулах сонирхолтой, сургууль дээр сонирхлоороо дуулдаг байсан. Kush ах бид хоёр хамтраад ганц нэг дуу бүтээгээд хаяа lounge-д дуулдаг байсан. Тэр үеэс эхлээд өдийг хүртэл хамтарч уран бүтээл хийж байна. Kush-ийн хувьд морин хуурч мэргэжилтэй. Манай хамтлагийн менежер хийдэг. Урлагт зөвхөн уран бүтээлээс гадна гадуур явах ажил маш их байдаг. Энэ бүгдийг Kush маань амжуулдаг.
Манай сайтанд ярилцлага өгч халуун дотно яриа өрнүүлсэнд таньд баярлалаа. Уншигчиддаа хандаж үг хэлээч?
- Манай монголчууд хөгжимд маш их хайртай дуртай. Би өөрөө урлагийн хүн болохоор хөгжимийг хайрладаг хүмүүст аль болох сайхан хөгжим сонсгохыг хүсдэг. Одоо тоглох гэж байгаа концерт маань чанарын шаардлага хангасан, амьд хөгжимтэй, амьд тоглолт болно. Хүмүүс энэ тоглолтыг маань ирж үзээд сидиг маань сонсоод үнэлэлт дүгнэлт өгөөд, шүүмжлэлээ хайрлаасай гэж хүсэж байна. Үзэгчид уран бүтээлчидээ хурцалж, уран бүтээлчид нь үзэгч сонсогчоо хөтөлж байдаг. Тиймээс юу юунаас илүү сонсогчид гэдэг хамгийн чухал байдаг. Мөн хувийн зүгээсээ хэлэхэд уран бүтээлчиддээ зоригтой байгаараа, битгий шантраарай гэж уриалж байна.
Танай сайтын хамт олонд маш их баярлалаа ажлын өндөр амжилт хүсье!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.








