IQ-гээрээ Эйнштейнээс давсан сурагч охин

Гэхдээ тэр дэлхийн оюунлаг хүмүүсийг нэгтгэдэг “Менса” байгууллагын шалгалтад орохдоо, ийм өндөр оноо авна хэмээн бодоогүй байна. Түүний өөрийнх нь хэлснээр, Керис IQ-гаар 142 оноотой эцсгээсээ давж гарахыг л хүссэн ажээ. “Маш ухаантай аавынхаа IQ-г эвдэх нь миний зорилго байсан бөгөөд харин ийм их тасархай түрүүлэх юм хэмээн огт бодож байгаагүй” гэж Керис хэлсэн байна.
Тэр үе тэнгийнхэнтэйгээ оюуны чадавхийн талаар яриа хөөрөө өрнүүлдэггүй, энэ насанд тэр хувцасны хийц загвар, тоглоом, сайн дүнгийн тухай л боддог нь мэдээж. Гэхдээ ирээдүйд өндөр IQ амьдралд нь хэрэг болно гэдгийг охин үгүйсгэхгүй байна. “Элдэв янзын тоотой ажиллах нь надад таалагддаг, би банкинд ажиллах юмуу тэр ч байтугай Английн төв банкны ерөнхийлөгч болмоор байна” гэж охин хүлээн зөвшөөрчээ. Оюуны чадавхийн ийм өндөр IQ-тай тэр энэ ажлыг бүрнээ хийж чадна гэж эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бичиж, зарим сонин түүнийг Нэгдсэн вант улсын ерөнхий сайд ч болж чадна гэж үзэж байна.
Охины эцгийн хэлснээр, Керис үе тэнгийнхнээс бараг юугаараа ч ялгардаггүй, харин ном унших л гойд дуртай ажээ. Тэр бүр сургуульд орохоосоо өмнө дэлхийн олон орны нийслэлийн нэрийг мэдэж, маш хурдан уншиж сурсан бөгөөд тиймээс багш нь тийм ч сайн уншдаггүй нэг ангийнхандаа чанга дуугаар уншиж өгөхийг хүсдэг байжээ.







