Дөрвөн ихрийн гэр бүлд бэлгэний цуваа үргэлжилсээр байна

Дөрвөн ихэрт ирсэн анхны бэлгүүдээс:
Хоёр хоногийн өмнө Эрүүл мэндийн сайд Н.Удвал дөрвөн ихрийн ээжийг эргэж, сагс дүүрэн цэцэг, төрсний дараах иж бүрдэл хэрэглэл зэргийг бэлэглэж, эрүүл энхийг хүссэн. Мөн үндэсний зарим компани дөрвөн ихэр хүүхдийн зургаан сарын турш хэрэглэх живхийг үнэгүй хангах эрхийн бичиг гардуулсан байна. Түүнчлэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн зүгээс ихэр нярайд тус бүрд нь эрүүл мэндийн карт нээж өгсөн юм. Ингэснээр ихрүүд 18 нас хүртлээ тус төвөөр ямар нэгэн оочер дараалалгүй үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж, өөрийн гарын бэлэгийг илгээсэн бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргийтэйгээ хамт өчигдөр ихрүүдийг эргэж очсон.
Түүнчлэн Италийн алдарт брэнд “United Colors of Benetton” дэлгүүрийн албан ёсны борлуулагч “Промон трейд” ХХК дөрвөн ихрийг 12 нас хүртэл нь үнэгүй хувцаслах эрхийн бичгийг эцэг, эхэд нь өчигдөр гардуулсан нь олны талархлыг хүлээгээд буй юм.

Сэлэнгэ аймаг Монголын анхны дөрвөн ихэрт ямар бэлэг өгөх бол?
Энэ жил тус аймгаас Улсын аварга төрөхөд нутгийн зөвлөлөөс Г.Эрхэмбаяр аваргад "Mercedes Benz-G500" машин, Зайсанд гурван өрөө орон сууц мөн 500 суурь хонь бэлэглэсэн. Тэгвэл Монголын түүхэнд анх удаа дөрвөн ихэр мэндэлсэн гэр бүлд “Нутгийн зөвлөлөөс нь байр өгөхөөр болжээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр түгээд буй. Одоогоор энэ мэдээ бодитой биш амнаас ам дамжин яригдаж байгаа юм. Өмнө нь Сэлэнгэ аймагт гурван ихэр хүүхэд төрөхөд улсаас өгдөг тэтгэмжээс өөр дэмжлэг байгаагүй гэдгийг нутгийн иргэд ярьж байгаа. Гэхдээ л өргөн сэлэнгэчүүд энэ удаад нүнжигтэйхэн юм бодож суугаа биз ээ.

Харин дөрвөн ихэрт улсаас ямар дэмжлэг үзүүлэх вэ?
Өмнө нь хоёр буюу гурван ихэр хүүхэд мэндэлсэн тохиолдолд улсаас байр олгодог байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ тэтгэмжийг зогсоогоод буй. Гэхдээ өнгөрсөн өвөл батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэлд хоёр болон гурван ихэр хүүхдэд мөнгөн тэтгэмж олгохоор хуульчилсан. Хоёр ихэрт тус бүр нэг сая төгрөг, гурван ихэр хүүхдэд тус бүр нь гурван сая төгрөг олгохоор болсон. Энэхүү тэтгэмжийг ихрүүд дөрвөн нас хүртлээ авах боломжтой. Харин дөрвөн ихэр хүүхдэд улсаас ямар тэтгэмж олгох нь одоогоор тодорхойгүй байна. Монгол Улс хоёр сая дахь иргэндээ хоёр өрөө орон сууц бэлэглэж байсан. Харин дөрвөн ихэрт юу өгөх бол?







