Хүнсэндээ хэрэглэвэл “зохих - 10” бяслаг
-
Орон орны үндэсний амтат зоогуудад түгээмэл хэрэглэгддэг өнө эртний бөгөөд хамгийн шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүний нэг бол бяслаг билээ.
Энэ нь сүүний уураг, эрдэс бодисыг ихээр агуулсан учир амин дэм А, Д, С, Е, В1, В2, В12, РР зэрэг хүний биед нэн шаардлагатай витаминуудыг агуулдаг.
Бяслагны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орон нь Франц, Недерланд, Итали, Швейцарь, Герман ба Нэгдсэн Вант Улс юм. Ингээд хүнсэндээ хэрэглээд үзэхэд нэн тааламжтай дараах 10 бяслагны тухай мэдээллийг хүлээн авна уу.
Аппенцеллер / Швейцарь
Одоогоос 700 гаруй жилийн тэртээгээс үйлдвэрлэж ирсэн энэ бяслаг нь Швейцарийн Аппенцелл нутгаас гаралтай юм. Бяслагийг сүү, сүүн бүтээгдэхүүний 75 гаруй үйлдвэрлэгч өөр өөрийн жороор худалдаанд гаргадаг бөгөөд жор нь нууц хэвээр байсаар иржээ. Аппенцеллер бяслагийг алимны дарс эсвэл цагаан дарсаар амталж хийдэг бөгөөд гурван төрөлтэй байна. Хамгийн багадаа гурван сарын хугацаанд боловсорч гүйцдэг энэхүү бяслаг нь маш хурц самрын эсвэл жимсний үнэртэй байх ба хэдий хугацаанд боловсруулснаас шалтгаалж амт нь харилцан адилгүй байна. Мэдээж удаан байх тусам хамгийн амттай.


Пармезан / Итали
Италийн бяслагны хаан гэгддэг энэ бяслаг нь аманд уусан шингэж часхийсэн амтыг мэдрүүлдэг гэдгээрээ олноос ялгардаг юм. Гол төлөв шпагетти, пицца болон Цезарь салатыг амтлахад хэрэглэдэг ба Олон Улсын Сансрын Станц дээрх сансрын нисэгч нарын амтархан зооглодог бяслагны төрөл юм. Энэ нь амин дэм, эрдэс бодис, уургаар нэн баялаг бөгөөд шингэц сайтай байдаг ажээ.


Чеддер / Англи
Английн Чеддер тосгоноос гаралтай энэ бяслагийг хийхдээ түүхий сүүг сайтар хоргүйжүүлэх ба хамгийн багадаа хоёр сараас таван жилийн хугацаанд боловсруулдаг. Хүчиллэг амттай гэгддэг ч цэвэр байгалийн гаралтай исгэлэн бяслаг юм. Их Британичуудын хүнсэндээ хамгийн түгээмэл хэрэглэдэг чеддер бяслаг нь XII зуунаас үйлдвэрлэгдэж эхэлсэн ба хамгийн их судлагдсан бяслагны төрөл ажээ. Өнөөдөр энэ бяслагийг Австрали, Канад, Шинэ Зеланд, АНУ зэрэг оронд үйлдвэрлэж худалдаанд гаргадаг.


Ронкаль / Испани
Хонины сүүгээр хийдэг энэхүү бяслаг нь хатуу бяслагны төрөлд хамаардаг ба Испаний Ронкаль хөндийн Наварра тосгоны бренд бүтээгдэхүүн юм байна. Гол төлөв Лача үүлдэрийн хонины сүүгээр хийгддэг бяслагны боловсорч гүйцэх хугацаа нь 4 сар байдаг. Ронкаль бяслаг нь санаанаас гарамгүй тослог бөгөөд исгэлэн амттай байдаг юм.


Блё д’Овернь / Франц
Зууш хийх, салат амтлахад хамгийн тохиромжтой энэ бяслагны жорыг 1850-аад оны тэртээ бяслаг үйлдвэрлэгч Антуан Руссель гаргасан байдаг. Амт нь маш хурц исгэлэн байдаг нь “Penicillium Glaucum” хөгцтэй холбоотой бөгөөд цагаан дарстай хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Мөн түүнчлэн төрөл бүрийн шөл, соус амтлах болон хавчуургатай талх хийхэд сайхан амттай болдог.


Идиасабаль / Испани
Испаний Лача ба Каррансана үүлдэрийн хонины сүүгээр хийдэг Идиасабаль бяслаг нь хурц хүчиллэг, заримдаа давслаг гашуун амттай бөгөөд Наварра мужийн хамгийн алдартай бяслаг юм. Бяслагийг ил гал дээр шарсан мах, гамбургер, шарсан талх зэргийг амталж хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг.

Бри / Франц
Үнээний сүүгээр хийдэг Франц бяслаг нь Бри мужаас гаралтай учир ийн нэрийджээ. 30 гр бяслаг нь 101 калори илчлэгтэй бөгөөд амин дэм В12, В2 агуулахаас гадна 5 гр - 6 гр уураг агуулдаг. Бага зэрэг шивтэр үнэртдэг ч төрөл бүрийн хоол, зуушийг амтлахад сайхан амт оруулдаг. Дангаар нь идэхэд бэрхтэй санагдвал алим, самар, дарстай хослуулахаас гадна жигнэмэг хийх, хавчуургатай талх, шөл, салат зэргийг амтлан хэрэглэж болно.


Сент Мор Де Турен / Франц
Ямааны сүүгээр хийдэг энэ бяслаг нь хамгийн түгээмэл үйлдвэрлэгддэг Францын №2 дахь бяслагны төрөл юм. Хөгцөөр хучигдсан хөх саарал туяатай бяслагийг хоолны дуршил сэргээх зорилгоор хэрэглэх нь бий. Гол төлөв оройн хоолны дараагаар хэрэглэдэг энэхүү бяслаг нь 16 см - 17 см урт, 250 гр савлагаатай гардгаараа бусад төрлүүдээсээ ялгардаг юм. Бяслагийг талх шарахдаа хавчуурга хэлбэрээр хэрэглэхэд амттай болдог байна.


Стилтон / Англи
Энэхүү бяслагийг Английн Дербишир, Лестершир, Ноттингемширт л үйлдвэрлэдэг. 23% уураг агуулдаг бяслагийг гол төлөв цоохор майлз болон лийртэй хэрэглэдэг. Энэ нь ногоотой шөлтэй хоолыг амтлахад сайхан амт оруулдаг ба брокколигоор хачирлаж зооглох, талх, жигнэмэг барих болон салат, зууш амтлахад өргөн хэрэглэгддэг. Унтахынхаа өмнө идэхгүй байхыг зөвлөдөг ба судалгаагаар унтахынхаа өмнө 20 гр бяслаг идэхэд бодитоор өрнөж байгаа мэт хачирхалтай зүүд зүүдэлдэг болохыг тогтоожээ.
Делис Де Бургонь / Франц
Тослог бөгөөд гашуун амттай учир дангаар нь идэхэд төдийлөн зохимжгүй энэ бяслагийг өглөөний цай, өдрийн болон оройн зоогийн аль ч төрлийн хоол, зуушийг амталж хэрэглэх боломжтой бөгөөд гагцхүү оргилуун дарстай хамт хэрэглэх нь нэн тохиромжтой ажээ. Мөөг шиг үнэртэй, тослог чанартай бөгөөд амин дэм уургаар баялаг бяслагны нэг төрөл юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







