"Гүнжээ"-ийн зөвлөгөө - 5

  1. Би 15 настай одоо сурдаг. Найзуудынхаа шахалтаар бэлгийн харилцаанд олон удаа орсон. Одоо бэлэг эрхтэн маань загатнаж, үнэртэй ялгадас гараад байна. Энэ нь 7 хоногийн өмнө илэрч байсан ч одоо зүгээр болчихлоо. Би юу гэдгийн сайн мэдэхгүй байна. Надад туслаач

Сайн байна уу? Бидэнд захиа илгээсэн эрхэм найз минь чамд баярлалаа.

Хайр, дурлал гэдэг бол хүний дотоод сэтгэлийн мэдрэмж, илэрхийлэл юм.Харин бэлгийн харилцаа нь биеэр үйлдэж буй үйлдэл юм. Бэлгийн харилцаа нь насанд хүрсэн хүмүүсийн бэлгийн таашаал авах, цаашлаад үр удмаа үлдээхийн тулд хийж буй үйлдэл төдийгүй энэ нь гэр бүлийн хамгийн ариун нандин харилцаа байдаг. Хэрвээ эрхэм найз минь чамайг хэн нэгэн дарамталж хүчээр бэлгийн харицаанд орсон бол энэ нь бэлгийн хүчирхийлэл болдог гэдгийг санаарай. Хэрвээ хүсэж байвал эргэн бидэнд хандаж ярилцаарай.

Зарим тохиолдолд эмэгтэй хүний үтрээнээс цагаан юм гардаг ч энэ нь өнгөтэй, үнэртэй гарч байвал бэлгийн замаар дамжих халдварын шинж тэмдэг юм. Шинж тэмдэг нь хүний дархлаанаас хамааран илэрч алга болдог тул анхаарах хэрэгтэй. Иймээс эрхэм найз минь чи харьяа дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн кабинетд хандаарай.

  1. Би найз залуутайгаа үерхээд 2 сар болж байна. Сүүлийн үед манай найз залуугын гэрт асуудал гарсаны улмаас гадуур тэнээд, РС тоглоод намайг ч тоохоо болилоо. Одоо би харьцаагаа сайжруулмаар байна. би юу хийх вэ?

Сайн байна уу? Гэгээн дурлалд гэгэлзэж яваа хонгор охин минь

Юун түрүүнд найз хөвгүүнтэйгээ ярилцаарай. Хэдийгээр найз хөвгүүний чинь ар гэрт асуудал тулгарсан ч хэцүү байдлыг даван туулах арга нь гадуур тэнэх, тоглоом тоглож цагийг өнгөрөөх биш гэдгийг ойлгуулахыг хичээгээрэй.

Үерхэнэ хайрлана гэдэг хүний амьдралын хамгийн нандин харилцаа байдаг. Иймээс үерхэлдээ дараах 8 зүйлсийг эрхэмлээрэй.

  • Бие биеэ хүндлэх Хүсэл, сонирхол, сонголт, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэн үзэх
  • Бие биеэ хүлээн зөвшөөрөх Нэг нэгнийгээ байгаа байдлаар нь хүлээн авч, дэмждэг байх,
  • Бие биетэйгээ илэн далангүй байх Харилцаандаа байгаа эерэг болоод сөрөг мэдрэмжүүдээ хуваалцдаг байх, шүүмжлэлийг хүлээн авдаг байх
  • Дотны зөвлөгч байх Чамд таалагдахгүй байгаа зүйлийн талаар илт шүүмжлэлтэй ханддаггүй байх, бие биедээ урам хайрладаг байх
  • Тусалдаг байх Хэн нэгэндээ байнга тусламж, дэмжлэг үзүүлдэг байх
  • Бие биедээ итгэдэг байх Нэг нэгэндээ итгэж, чиний төлөө хийсэн зүйлийг нь марталгүй санаж байх
  • Нэг нэгнийхээ төлөө санаа тавьж чаддаг байх Найз чинь хүнд хэцүү байдалд орох, гунигт зүйл тохиолдох зэрэгт нь чи түүний төлөө санаа тавьдаг байх
  • Бие биенээ хамгаалдаг байх Бусдын муу нөлөөнд өртөхөөс сэргийлдэг, анхааруулдаг байх
  • Та 2-н харилцаа ирээдүйгээ харсан ухаалаг байх

Ирээдүйн амьдрал чинь ямагт чиний гарт байдаг. Тиймээс амьдралаас суралцаж, ухаалаг сонголт хийгээрэй. Чамд амжилт хүсэе.

  1. Сайн байна уу? Гүнжээ. Би 28 настай. Тэгээд би нэг хятадын жижигхэн ягаан сард нэг удаа уудаг жирэмслэлтээс хамгаалдаг эм уудаг юмаа. Анх нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлсэн чинь тэр эмийг санал болгосон юм. тэгээд тэр эмийг уугаад одоо 4 жил орчим болж байна.  Энэ эмний талаар мэдээлэл байгаа бол хэлж өгч туслаач. Хэр их хор уршигтай вэ? хүний биед хэр их хортой вэ? Миний бие бол гаднаасаа ямарч өөрчлөлт орохгүй байгаа юм.

Бидэнд захиа илгээсэн чамд баярлалаа.

Чиний хэрэглэж байгаа уг эм монгол улсын зөвшөөрөгдсөн эмийн жагсаалтанд хараахан ороогүй байгаа юм. Ихэнхдээ уг эмийг хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэг оруулж ирдэг. Тиймээс уг эмийн сөрөг нөлөөллийн талаарх мэдээллийг эмийг зөвлөсөн эмчдээ хандан асуувал илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх гэж бодож байна.

  1. Сайн байна уу? би 22 настай. Хүнтэй унтаж байгаагүй. Бэлэг эрхтэн сонин бараан өнгөтэй болоод байх юмаа. Яагаад тэр вэ? бас яаж буцааж хэвийн цайвар өнгөтэй болгох вэ? Их эвгүй харагдах юмаа.

Сайн байна уу? Хонгорхон охин

Хүний бие өсөж хөгжихийн хирээр өөрчлөлт ордог. Нөхөн үржихүйн эрхтэний хувьд ч гэсэн энэ өсөлт хөгжил хамаатай. Бэлгийн их уруул хүрэн бараан өнгөтэй болох нь хэвийн үзэгдэл. Мөн зарим үед жирэмсэн болсон үед бэлгийн гадна уруул болон хөхний толгой бараан өнгөтэй болдог. Өөрийн нөхөн үржихүйн эрхтэнд анхаарал хандуулах нь сайн хэрэг ч хэт их санаа зовон түгших хэрэггүй. Энэ бол энгийн л өсөлт, хөгжил.

 

  1. Би 22 настай. Миний цагаан мах гараад их удаж байна. 7 жил болж байгаа байх. Одоо бараг ямарч  өвчингүй болчихсон. Ер нь яах вэ? эмнэлэгт очих гэж санаа зовсоор байгаад очиж чадалгүй байсаар удлаа. Хаана очиж үзүүлэх вэ? энэ их муу юу? Ямар арга хэмжээ авдаг юм бол?

Сайн байна уу? Эрхэм найз минь

Чамд өөрт чинь ямар нэг зовиургүй байгаа бол эмзэглэх хэрэггүй.

Гоо сайхан талаасаа гарсан хэмжээнээс нь хамаараад мэс заслын аргаар авах, жижгэвтэр бол тариа хийж хатаах эмчилгээнүүд хийж болно. Улсын клиникийн нэгдсэн 1-р эмнэлэгийн бүдүүн, шулуун гэдэсний мэс заслын тасагт үзүүлэхийг зөвлөж байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.