Хатан сахиуст хорин нэгэн дарь эх цуврал №1
Олон жил гэртээ ном сахиж, хөдөө нутгаар хөлөө цуцтал бэдэрсэн эмэгтэйн чин хүсэл өндөр заяат Монголчууд өвөг дээдсийнхээ агуу их билэг оюуны гайхамшгийг мэдрээсэй, мэдээсэй гэсэн ганцхан хүсэл. Тиймээс ч тэрээр “Өндөр Гэгээнтэний цадиг, Адистэд урлаг аврал” номоо мянган номын хуудас шүүж, зуу зуун бээр газарт өөрийн бие сэтгэлээр хүрч, түмэн удаа судлан шинжилсний эцэст мэргэн цэцэн ардынхаа гар дээр хүртээл болгосон билээ. Энэхүү номын эзэнтэй өмнө удаад бид уншигч бүсгүйчүүдийгээ уулзуулсан. Харин амласан ёсоор энэ өдрөөс эхлэн “Өндөр Гэгээнтэний цадиг, Адистэд урлаг аврал” номын ном жаргаах наймдугаар бүлэг” Хатан сахиуст хорин нэгэн дара эх”-ийг цуврлаар дэлгэн барьж байна.
Хатан сахиуст хорин нэгэн дарь эх
"Галбарвасан мод навч цэцгээрээ гайхуулдаг шиг Гавъяатан үр хүүхдээрээ түмэн ард гайхуулдаг"
Өндөр Гэгээнтэн дэлхийг гоо сайхны урлалаар бахдуулан баясгав Монголын болон дэлхийн түүхнээс Өндөр Гэгээн Занбазар /1635-1723/ хэмээх алдаршсан их хутагт соён гэгээрүүлэгчийн аугаа урлалын хосгүй бүтээл 370 жилийн дараа хүйтний ам цаашил, хөхүүрийн ам наашилдагийн урин цагийн эрхээр 1993 онд дэлхийн урлагийн их өлгий Франц орны Парис хотноо Өндөр Гэгээнтэн Монголын эрдэнэс сонгодог бүтээл алдараар айлчилж, 1995 оны дундуур Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотын Азийн урлагийн музейд Монголын сэргэн мандалт “Чингис хааны өв” хэмээх үзэсгэлэн нээгдсэнээр соёлт хүн төрөлхтөн сэтгэл оюуны далд гүн мэдрэхүйн таашаалын гоо сайхнаар цэнгэн баясаж бодитой урлагийн тэнгэр хүчин буйд горьдлого тавин хүлээсэн мянга мянган цаг хугацааны гэгээн эрмэлзэл орь хүслийг нь Өндөр Гэгээнтэний урлалын дарь эхүүд биелүүлэн хүн төрөлхтнийг шагшруулан бахдуулсныг Францын нэрт урлаг судлаач Жель Бегун “Занбазар бол дорно дахины сонгодог урлагийн мастер” хэмээн тодотгон товойлгон үнэлсэн байдаг.
Өндөр Гэгээнтэний удам гарвал
"Хүүхэд удам дагадаг
Хүүхэд ёс дагадаг /Монгол ардын зүйр цэцэн үг/
Дэлхийд гайхагдсан урлаг, урлалын их мастер Өндөр Гэгээнтэний удам гарвалын, оюун ухааны үнэт чанарыг Германы их гүн ухаантан Ф.Гегель “Бүх хутагт язгууртны төлөөлөгчид болох Монголчууд түүхэнд оюун санааг нэмэрлэв” хэмээн босоо хийморьт Монгол ухааны эрдэм чадлыг дэлхийн сонгодог гүн ухаантан илтэд сайшаан гүн нарийн томьёолжээ. Монголчууд эртнээс нааш уламжлагдсан төрийн их ёс цаазыг оюун бодлогынхоо хүчинд нэгтгэн хурааж, дэлхийд баларшгүй гэгээн засаглалын мөрийг тамгалсан Их Богд Чингис хаан, төрийн их хатан Бөртэ үжин хоёрын үндэс угсаа залгамж Монгол төрийн гал голомтын алтан гагнаас алтан ургийн амин хэлхээ түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц хоёрноо Өндөр Гэгээнтэн хүүхэд удам дагаж, хүн ёс дагадгийн жамаар удмын үнэт оюун санааны гайхамшигт чадвар эрдэм, уужим дэлгэр сэтгэл хосгүй урлалын дархан ухаан, бурхан авъяасыг өвлөн бидэндээ заларсан баймой.
Үргэлжлэл бий...







