Энэ намраас үндэсний үйлдвэрлэгчид сурагчийн дүрэмт хувцас нийлүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр боллоо.Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум, нийт 23тэрбум төгрөгийг 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлтэй зээл олгохоор шийдвэрлэсэн байна.

Манай улсад 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас хэрэгтэй. Дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын болон сүлжмэлийн үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.

Өнөөг хүртэл өмнөд хөршид үйлдвэрлэсэн 100 хувь химийн ширхэгт хямд төсөр материалаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн оруулж ирсээр байгаа. Ийм хувцас эдэлгээ, эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангахгүй байсан тул 2011 онд сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавууны орц нормыг стандарчилсан.

Гэвч энэ стандартын дагуу үйлдвэрлэл явагдахгүй, орон нутгийн боловсролын газрууд гэрээлсэн газруудаасаа импортоор оруулж ирсэн хувцсаар сурагчдыг хангах байдал үргэлжилсээр байгаа тул Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран "Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар" боловсруулан гаргажээ. Жишиг загварын дагуу монгол хонины ноосны даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхлээд байгаа талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.