“Miss World 2018” тэмцээний тэргүүн мисс Э.Энхриймаа “ЭЭЖҮҮД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛЖ ЧАДНА”

Дэлхийн Гоо сайхны олимп гэгддэг “Miss World 2018” тэмцээнд Эрдэнэбаатарын Энхриймаа эх орноо төлөөлөн оролцох болсон билээ. Тэрээр “Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд”  олон улсын нягтан бодогчийн ангид сурдаг бөгөөд энэ жил төгсөх курс юм. 21 настай, 174 см – ын өндөртэй. Орос, Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Өөрийн гэсэн үзэл бодолтой түүндээ тууштай, олон төрлийн авъяастай, эгэл жирийн хийгээд энгийн даруухан түүний бодол, сэтгэгдэл, тэмцээндээ хэрхэн бэлдэж байгаа талаар уншигч тантай хуваалцаж байна. 

-Юуны өмнө эх орноо төлөөлөн энэхүү том тэмцээнд оролцох болсонд баяр хүргэе!

-Баярлалаа 

-  Мэдээж хүн тэмцээнд амжилт үзүүлэх гэж ордог. Гэхдээ “Miss World”  нь энхтайвны элчийг шалгаруулж, дэлхийн өнцөг булан бүрт тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдэх вэ? гэдэгт оршдог. Тиймээс та ямар асуудлыг дэлхийн дахины сонорт хүргэхийг зорьж байна вэ? 

Би нэг удаа хөдөө явж байхдаа байгалийн үхэл, амьдрал зэрэгцэн оршиж байгааг харсан. Нэгэн уулын тал хэсэг нь юу ч үгүй шатаад , хав хар, хувхай болчихсон нөгөө тал нь ногоон модтой, хэрэм гүйлдэж, шувуу жиргээд л, цэцэг ногоо ургасан гайхалтай үзэсгэлэнтэй байгаль байсан юм. Энэ хоёр эсэргэцлийг нэгэн дор хараад миний сэтгэл үнэхээр их өвдсөн. Тэр амьтад уйлж байгаа мэт мэдрэмж төрж байлаа.

Монголчууд эрт дээр үеэсээ “байгаль эх” минь гэж эх орноо өөрийн төрүүлсэн ээж шигээ хайрлаж, шүтэж ирсэн. Харин өнөө цагт байгалиа хайралъя, байгаль эх минь гэж ярьдаг ч зүрх сэтгэлдээ, чин хайраараа хайрладаг хүн ховордсон мэт санагддаг. Хүн бүр ээжтэй. Эх хүн хүүхдээ 9 сар тээж, үхэл амьдралын заагаас үрээ тэвэрч үлддэг, үхэн үхэтлээ тэднийхээ төлөө амьдарсаар дуусдаг. Үүнтэй нэгэн адил эх дэлхий гэдэг бидний байгаль ээж юм. Хүмүүс бид төдийгүй ургамал мод, амьтад хүртэл түүний үр төл нь юм шүү дээ. Гэтэл үр хүүхдүүд нь бие биенийгээ устгаж байна. Модоо тайрч, гол мөрнөө бохирдуулж, зарим амьтдыг төрлөөр нь байхгүй болтол хүмүүс хядаж байна. Тиймээс би “Бидний ээж” “Байгаль эх” гэдэг нэгэн адил зүйл юм. Зүрх сэтгэлдээ адилхан хайрлаж, шүтэж байх хэрэгтэй гэдгийг дэлхий дахинд хүргэхийг хүсэж байна. 

Image may contain: 1 person, smiling

- Энэхүү санаагаа “Хатан ухаант ээжүүдийн сургааль” гэсэн номоороо хүргэхийг зорьж байгаа гэж дуулсан? 

Тиймээ, дэлхийг өөрчилж чадах хүн болж ээжүүд гэж би боддог. Хүүхдүүд бол ирээдүй, харин тэр ирээдүйг өсгөн хүмүүжүүлдэг хүмүүс бол эцэг, эх нь юм. Монголд ялангуяа хүүхэдтэйгээ хамгийн ойр байдаг хүн бол ээж. Тиймээс хүүхдүүдээ байгальд ойр өсгөж, түүнийг өөрийн эцэг эх шигээ хайрлах ухааныг суулгаж өгөх хэрэгтэй. Хүүхэд багаасаа үүнийг мэдэрч өсвөл зүрх сэтгэлээсээ байгалиа хайрладаг болж өснө. Хэрвээ ингэж чадвал өнөөгийн бидэнд тулгараад байгаа олон асуудлыг шийдэж чадна. Хойч үе маань гол мөрөн рүүгээ хог хаяхаа болино, хөрсний бохирдол арилна, элдэв олон төрлийн өвчин гарах нь багасна гээд л олон асуудал шийдэгдэх боломжтой. 

Эрт үеэсээ Монголын хатад гайхалтай ухаантай байсан , өнөө цагт ч тэрхүү хатан ухаан эмэгтэйчүүдэд өвлөгдөн ирсэн юм. Байгалиасаа тэвчээртэй, зоригтой, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх мэргэн ухаантай тэднийхээ сургаалийг дэлхий дахинд хүргэх болно. 

- Дэлхийн миссийн тэмцээн үндсэн 6 шалгууртай байгаа. Аль номинацад өөрийгөө илүү бэлдэж байгаа вэ?

Бүх л номинацид ижил түвшинд бэлтгэл хийж байгаа. “Спорт мисс” “Авъяас мисс” хамгийн чухал байдаг. Бүжиглэх авъяастай, спортын хувьд газрын теннис, волейбол, ширээний теннис тоглодог учраас энэ төрөлдөө сайн оролцохыг хичээнэ. Мөн “Beauty with the Purpose” буюу “Зорилготой гоо бүсгүй” номинацид түрүүлэх юмсан гэж бодож байгаа. Би энэ номинацад дэлхийн нийтэд тулгараад байгаа “Сүрьеэ” өвчнийг хэрхэн бууруулах талаар хүргэх болно. Манай Монголд гэхэд жилд 4000 гаруй хүн өвчилж 200 гаруй хүн нас бардаг. Дэлхийн хэмжээнд бол 10 сая хүн өвддөг, үүнээс 1,7 сая хүн амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Тиймээс жилдээ маш олон хүүхэд өнчин хоцорч байгаа юм. Эмэгтэйчүүдийн нас бардаг эхний гурван шалтгааны нэгэнд нь энэ өвчин тооцогддог. Сүрьеэ туссан бол шууд нийгмээс тусгаарлагдаж, гадуурхагдаж, ойр тойрны хүмүүс нь холдож, ажилд орох боломжгүй болж байна. Тиймээс би энэ асуудлыг хөндөхийг хүссэн юм. Ер нь сүрьеэ өвчин дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна. Орос улсад гэхэд саяхан томоохон хэлэлцүүлэг болсон бол Хятадын тэргүүн хатагтай сүрьеэгийн элч, төлөөлөгч болоод байгаа. Тиймээс Хятадын тэргүүн хатагтай руу захидал илгээж энэ асуудлын талаар тусламж үзүүлэхийг хүсэх болно. 

- “Miss World” 2016, 2017 тэмцээнд манай миссүүд түүхэндээ хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байдаг. Тэднээсээ хэрхэн туршлага хуримтлуулж байна? 

Тиймээ,  уулзаж зөвлөгөө авсан. Өнгөрсөн жил мөн адил Хятадын Саньяа хотод болсон шүү дээ. Тиймээс Ц.Энхжин эгчийн туршлага тун хэрэг болж байгаа. Олон газруудаар аялдаг учраас даашинзууд гэхээсээ илүү спортлог, биед эвтэйхэн хувцастай явах, хоол ундаа хэрхэн зохицуулах вэ, мөн Саньяад очоод хэрэг болох зүйлсийг хэлж өгсөн. “Спорт мисс”, “Авъяаслаг мисс” - ийн номинацдаа хэрхэн бэлдэх талаар зөвлөгөө өгсөн байгаа. Харин А.Баярцэцэг эгчийн хувьд сэтгэл зүйн асар их хүч өгсөн. Сурах зүйл үнэхээр ихтэй хүн. Хэрхэн өөртөө итгэлтэй байж, сэтгэл зүйгээ яаж бэлдэхийг сурч байгаа. Тэр хоёроосоо сурах зүйл их бий.

Image may contain: 2 people, people smiling, text

- Урьд нь миссийн тэмцээнд орж байгаагүй, энэ анхны тэмцээн. Чухам “Miss World Mongolia”-д өөрийгөө сорих болсон гол шалтгаан юу байв? 

Хамгийн анх ээж маань орохыг зөвлөсөн л дөө. Дээр хэлсэнчлэн сүйдсэн байгаль, бохирдсон гол мөрнийг хараад, сүрьеэ өвчнөөс болоод шаналж байгаа хүмүүсийг үзээд энэ талаар дуу хоолойгоо хүргэх юмсан гэсэн хүсэл төрсөн. Харин энэхүү тэмцээнд орсноороо өөрийн дуу хоолой, үзэл бодлоо хүргэх флатформтой болох боломж бий болсон юм. Тэргүүн байрын мисс болсондоо үнэхээр их баярласан. Цаашлаад дэлхий нийтэд хүргэх боломж надад олдлоо. Гайхалтай байна.  Урьдны миссүүд Монгол улсаа олон талаар нь харуулсан байдаг. Би тэднээс арай өөр өнцгөөс таниулахыг хүсэж байгаа. 

- Ямар өнцгөөс харуулахыг зорьж байна?

Монголчууд цөхүүлээ мөртлөө дэлхийн олон тавцанд шилдгүүд байж чаддаг. Олимпд түрүүлж, геннисиийн номонд бичигдэж, дэлхийн хэмжээний олон төрөлд чадвартай гэдгээ харуулж байна. Үнэхээр агуу хүмүүс юм шиг санагддаг. Дэлхийн олон сая хүмүүстэй харьцуулахад Монголчууд маань алмааз эрдэнэ шиг санагддаг. Ийм ухаалаг, чадварлаг, гайхалтай хүмүүс байдаг юм шүү гэдэг өнцгөөс нь харуулахыг зорьж байгаа. 


- Тэмцээнд өөрийгөө хувийн зүгээс хэрхэн бэлдэж байгаа вэ? 

Маш шахуу хуваарьтай ажиллаж байгаа. Фитнессд биеэ бялдаржуулж, бүжгээ заалгаж, тайзны алхаа гишгээ, биеэ хэрхэн авч явах хичээлд сууж, хэлний сургалтанд хамрагдаж байгаа. Сэтгэлзүй маш чухал учраас сэтгэлзүйчтэй уулзаж зөвлөгөө авч байна. Мөн энэ жил өөрсдөө нүүрээ будаж, үсээ янзлах шаардлага тавьсан. Тиймээс make-up болон үсээ хэрхэн янзлахыг давхар сурч байгаа.  

- Энэ шахуу хуваарийн ард олон хүн тусалж байгаа байх. Хичнээн хүн арын албанд ажиллаж байна вэ? 

Миний мэдэхийн бараг 20 гаруй хүн ажиллаж байна. Бүжиг, спорт, харилцаа, хэл гээд олон төрлийн багш нар, менежер, зурагчин, үндсэн төсөл хариуцагч гэх мэт хүмүүс бий. Мөн манай гэр бүлийхэн үргэлж намайг дэмжиж тусалж, арын албанд гүйж байгаа. /инээв/



- Эх орноо төлөөлж, дэлхийн тавцанд гарна гэдэг том хариуцлага. Тиймээс энэ их итгэлийг даана гэдэг сэтгэлзүйн хувьд хүнд байдаг байх?

Надад хамгийн их анхааруулж байгаа зүйл бол бусад хүмүүс олон таагүй сэтгэгдлүүд бичдэг. Тэр болгонд сэтгэлээр унаж болохгүй гэдгийг хэлсэн. “Miss World Mongolia” – д түрүүлсэний дараа таагүй зүйлс бичсэн байсан. Өөрийгөө хүндээр хүлээж авах байх гэж бодож байсан ч харин ч эсрэгээрээ таагүй зүйлийг ч эерэг талаас нь харж чадаж байгаа. Ер нь хүн сайхан зүйлийг олж харъя гэвэл сайхан зүйл нь л харагддаг юм шүү дээ. Ээж маань намайг дэмжиж байхад бүх зүйл болно гэж бодож байгаа.

Image may contain: 2 people, people smiling
- Э.Энхриймаа гэж хэн бэ гэдгийг багахан боловч уншигчиддаа хүргэе гэж бодож байна.  Би ..... гээд өөрийгөө тодорхойлвол?

Би энгийн л эмэгтэй. Өөртөө байхгүй зүйлд шунаж сэтгэлээ зовоодоггүй, байгаа зүйлдээ бардаж ихэмсэг зан гаргадаггүй. Байгаагаараа л байх дуртай. Ганган хээнцэр хувцас, үнэтэй эд зүйлс, баян тансагт татагддаггүй. Үнэтэй утас авахын оронд тэр мөнгөөрөө аялж, амьдралын сайхныг мэдэрсэн нь илүү дээр гэж боддог. Ер нь хүн төгс рүү тэмүүлж, бүгдийг төгс байлгахыг хүсдэг. Гэхдээ энгийн зүйл тухайн хүндээ төгс байх нь бий шүү дээ.

- Таны ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл юу вэ?

Би 2р курс  хүртлээ гэр бүлийн талаар боддоггүй байсан. Зөвхөн өөрийн сонгосон мэргэжил болох олон улсын мэргэжлийн нягтлан бодогч мэргэжлээр төгсөнө, энэ мэргэжлээрээ цаашид сурах уу?, эсвэл өөрийгөө хөгжүүлэх үү? гэх зэрэг карьерийнхаа тухай л боддог байлаа. Гэтэл би доороо 3 дүүтэй болохоор яах аргагүй хүмүүжлийн асуудлын талаар судлах, хүмүүжлийн ном унших хэрэг гардаг. Тэгээд л би гэр бүлийн талаар бодож эхлэсэн. Тэгэхээр миний холын мөрөөдөл гэвэл би сайн ээж болохыг хүсч байна. Нөхөртөө түшигтэй сайхан эхнэр болмоор байна, хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, нийгэмд хэрэгтэй сайн иргэн болгож өсгөмөөр байна. Ойрын мөрөөдөл гэвэл дэлхийг сүрьеэгээс ангижруулахыг хүсэж байна. Ээжүүд миний санааг ойлгоод намайг дэмжээсэй ... Эмэгтэй хүн болж төрөөд ээж болсноороо бидэнд байгалиас их хариуцлага ирдэг гэж би боддог. 

- Сайн ээж, сайн хань байхыг хүсдэг тухайгаа ярьлаа, хэзээ гэр бүл зохионо гэж бодож байна? 

Эхлээд өөрөө сурч боловсроод, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийг хүсэж байна. Ямартай ч 25 хүрээд бодож эхлэнэ дээ /инээв/ Юуны түрүүнд сүрьеэгээр өвчилж байгаа хүмүүсийн тоог бууруулж, ээжүүддээ эерэг хандлагыг бий болгомоор байна. Тиймээс “Дэлхийн мисс” –д яваад ирсэн ч энэ ажлаа орхихгүй  үргэлжлүүлэх болно. 

- Сайн ээж гэж таны бодлоор ямар хүнийг хэлэх вэ?

Сайн ээж, сайхан ээж гэвэл миний ээжийг, миний эмээг хэлнэ. Ээж маань маш сайхан эмэгтэй байдаг. Хүүхдүүдээ ч мундаг хүмүүжүүлсэн. Жинхэнэ хатан зоригтой эмэгтэйчүүд гэж тэднийгээ хэлнэ. Би эмээ, ээж дүү нартайгаа амьдардаг. Миний эмээ ханиа алдаад 5 хүүхэдтэй үлдсэн. Тэр хүнд хэцүү үеийг давж гараад хүүхдүүдээ сайн хүн болгож өсгөсөн. Бүгд л амжилттай сайн явж байна. Эмэгтэй хүн хэрхэн энэ амьдралын хэцүү нугачааг давж, сэтгэлийн хаттай, ухаантай, зоригтой байж чаддаг юм бэ гэдгийг би тэднээсээ харж, үлгэрлэж явдаг. Ер нь гэрийн хамгийн гол хүн нь эмэгтэй хүн байдаг байх. Сайн сайхан яваа гэр бүлийн ард хатан ухаантай эмэгтэй хүн оршиж байдаг. 

Image may contain: 1 person, indoor

- Айлын хэддэх хүүхэд вэ? Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Би таван хүүхэдтэй айлын дээрээсээ хоёр дахь хүүхэд, дээрээ нэг ахтай, доороо 2 эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Би юм нэхэх, оёх, өөрөө хоолны жор зохиож хийх дуртай. Оросын Элчингийн 14 – дүгээр сургуульд сурдаг байсан болохоор хоол хийх, юм оёх зэрэг тусгай хичээлүүд заадаг байлаа. Мөн бага байхаас л ээж маань хэрхэн оёхыг сургасан. Тиймээс ийм хоббитой болсон байх. Мөн чөлөөт цагаараа  бусдын л адил дуу сонсож, кино үзэх дуртай. Хамгийн гоё нь орой гэртээ тухтай суугаад л кофе эсвэл цай уунгаа ном унших. Тэр үедээ би хамгийн их аз жаргалтай байдаг. Ер нь бага байхаасаа ном их уншдаг байсан. Хичээлийн завсарлагаа болонгуут номын сан руу гүйчихдэг байлаа. /инээв/ Би уран зохиолын олон ном уншдаг байсан. Одоо сэтгэлзүй, хүмүүжлийн сэдэвтэй ном түлхүү уншиж байна даа. 

- Хүүхэд насаа дурсвал, багадаа ямар хүүхэд байв? 

Миний ээж надад нэг түүх ярьдаг юм. Цэцэрлэгт явдаг байхад ангийн маань нэг хүүхэд хүссэн юмаа авах гээд уйлаад бөөн юм болж л дээ. Тэгтэл би ч гэсэн тэр зүйлийг авахыг хүсч байсан ч болохгүй гэдгийг нь ойлгоод зүгээр л яваад өгсөн гээд ээж маань ярьдаг. Тэгэхээр би юмны учрыг их ойлгодог хүүхэд байсан юм шиг санагддаг. 10 жилдээ математик, хими, уран зохиол, түүх, нийгэм, биологи, технологийн хичээлдээ дуртай хүүхэд байсан. Тиймдээ ч математик, англи хэлдээ бэлдсээр байгаад Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуульд орсон. Тэр үед хөл газар хүрэхгүй баярлаж байсан. Учир нь би 9- р ангиасаа хойш мөрөөдсөн мөрөөдөлдөө хүрсэн юм. Хийх ёстой зүйлээ хийгээд л, илүү хэрэггүй зүйлд цагаа үрэх хэрэггүй гэж боддог хүүхэд байсан даа.
- Найзууд нь Э. Энхриймааг хэрхэн тодорхойлдог вэ?
Би хэрэгтэй үедээ хэрэгтэй зөвлөгөөг өгдөг, хөгжилдөх үедээ хөгжилтэй байдаг. Найзууд маань намайг зориод тусламж гуйгаад ирэхэд би татгалздаггүй. Тулгарсан асуудлыг сэтгэл хөдлөлдөө автахгүйгээр зөвлөгөө өгч чаддаг. Найзууддаа хэрэгтэй найз байхыг л хүсдэг дээ. Ихэнхдээ найзууд маань намайг “Философич”  гээд байдаг юм. инээв


- Ээжийнхээ талаар багагүй ярилаа. Эхийн ачийг яаж хариулна гэж бодож, хичээж явдаг вэ?

Сайн явж, бүтэн нойртой хонуулж, хажууд нь байж ачийг нь бага ч гэсэн хариулах юмсан гэж боддог. Бага байхдаа сэтгэлийг нь түгшээж өсчихөөд томроод ч сэтгэлийг нь зовоомооргүй байна. Сэтгэлийг нь л тайван байлгаж, сайн сайхан яваагаа харуулах л ачийг нь хариулж байгаа хэрэг байхдаа. Тэрнээс үнэтэй машин, алт мөнгө өгч, юугаар ч дутаахгүй байсан ч сэтгэлийг нь дүүрэн байлгаж чадахгүй бол тэр бүх зүйл хэрэггүй шүү дээ. 

- Эх орноо төлөөлөн дэлхийн гоо сайхны олимпд оролцоно гэдэг том амжилт. Үүнээс цааш олон зүйл хийхийг хүсэж байгаа байх? 

Тиймээ, хийх зүйл их байна. Ер нь гадагшаа явж сурах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ гадны оронд суралцаж, боловсрол, мэдлэгээ дээшлүүлээд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Бид хэдий гадаадын их сургуульд суралцаж байгаа ч сурсан, мэдсэн зүйлийнхээ үр шимийг эх орноо хөгжүүлэхэд л зориулах  ёстой шүү дээ. Оросын Санкт Петербург хот маш хурдацтай хөгжсөн түүх байдаг. Тэр нь хамгийн ухаантай гэсэн хүүхдүүдээ гадаадад өндөр боловсрол эзэмшүүлээд, буцаад эх оронд нь ирж ажиллуулсанаар тэр хот маш хурдацтай хөгжсөн байдаг. Манай Монгол ч бас тэр жишгээр гадны улс оронд боловсрол эзэмшсэн залуучууд нь эх орондоо ирж ажиллаасай гэж боддог. Би эх орондоо хайртай. Манай улс сайхан, хөгжиж байгаа. Бид өөрсдөө л илүү сайн хөгжүүлэх ирээдүй нь. 

- Цаг зав гарган чөлөөтэй ярилцсан танд маш их баярлалаа. Ирээдүйн зорилго, ажил хөдөлмөр, их үйлсд нь амжилт хүсье. Монголынхоо нэрийг Дэлхийн тавцанд цуурайтуулаад, урдаа тавьсан зорилгоо 100% биелүүлээд ирээрэй гэж эмэгтэйчүүд.мн сайтын уншигчдынхаа өмнөөс ерөөе. 

Баярлалаа. Өөрийн бүхий л ур чадвар, авъяасаа шавхаж, эх орныхоо нэрийг гаргахын тулд бүх хүч чадлаа дайчлах болно оо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.